Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрэм хийжээ

Насанд хүрээгүй дөрвөн бүлэг бүххий хүүхдүүд, бага насны хүүхдүүдийн гар утас, эд зүйлийг дээрэмддэг байсныг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал А, М, Е, Б нарын толгойлсон дөрвөн бүлэг, насанд хүрээгүй 17 этгээд нь Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдүүдийн гар утас, эд зүйлийг дээрэмдсэн хэрэг үйлджээ. Мөн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер хулгайлсан зэрэг нийт 32 гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон шалгаж байна.
Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа гол шалтгаан нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдийн хараа хяналт сул, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дутмаг байгаагаас шалтгаалж байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Иймд насанд хүрээгүй хүүхдүүд гадуур тэнэж улмаар гэмт хэрэгт холбогдож байгаад эцэг, эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчид анхаарах шаардлагатай байгааг мөн анхааруулж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ