Улаанбаатар
АН Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар завсарлага авлаа
2017-1-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Дараагаар нь хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсн юм. Гишүүн Д.Тэрбишдагва “Хэлэлцэх асуудлаа ач холбогдлоор нь жагсааж, хоёр өдөрт эрэмбэлж байя” гэсэн санал гаргасанд УИХ-ын дарга “Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд байнгын  хорооны хуралдаанаар хэлэлцсэн дарааллаар нь эрэмбэлдэг” гэдгийг онцлов.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хойшлуулах санал гаргасан юм. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд “Та парламентад хоёр удаа сонгогдсон УИХ-ын гишүүн. Гэтэл микрофон ашиглаад ор үндэсгүй зүйлийг хэлж, улстөрөөр ард түмний толгойг угааж болохгүй. УИХ дахь цөөнх гишүүний хувьд үгийг чинь байнга хэлүүлж, сонсдог. Зөвхөн УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд байхгүй. Залуу хүний хувьд үүнийг бодолцоорой” хэмээн захих зөвлөхийн завсар хэллээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт гишүүн О.Баасанхүү багтжээ. Гэхдээ тэрбээр уг хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн заалт байгаа гэж үзэн гишүүн О.Баасанхүү ажлын хэсгийн хуралд оролцоогүй байна. Тиймээс ажлын  хэсгийн бусад гишүүд хоёр удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэжээ. Энэ талаар гишүүн Н.Энхболд тайлбарлав.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар АН-ын бүлэг завсарлага авах санал гаргасан юм. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд “Завсарлагыг бүлгийн дарга авдаг. Гэхдээ АН-ын бүлгийн дарга хүндэтгэх шалтгаантай чөлөө авсан. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятав завсарлага авах хүсэлт гаргаж байна. Үүнийг мөн хүндэтгэж үзээд нэг хоногийн завсарлага өгье” хэмээлээ.

 

Ингээд УИХ-ын чуулган хэлэлцэх асуудалдаа орлоо.  Хуралдаанаар нийт 16 асуудлыг хэлэлцэх юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин