Сяньбигийн үеийн булшнаас торгон хувцас олджээ
2017-01-12

Гэрэл зургийг MPA.mn

 

ШУТИС-ийн Бизнес удирдлага, Хүмүүнлэгийн сургуулиас “Монголын археологи 2016” эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулж байна. Уг хурлаар өнгөрсөн онд хийгдсэн Монголын археологийн хээрийн судалгааны тайланг мэргэжлийн судлаачид танилцуулан, туршлага солилцож байлаа.

 

Монголын археологчид 2016 онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаачтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулсан байна. Улмаар чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судлажээ. Мөн судалгаанаас гадна цөөнгүй дурсгалыг сэргээн засварласан болохыг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид онцолж байлаа.

 

Хуралд оролцсон эрдэмтэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийгдсэн археологийн сор олдворуудыг танилцууллаа.

 

ШУА-ийн түүх археологийн хүрээлэн, Хүрэл төмрийн судалгааны ажлын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Төрбат тэргүүтэй судлаачид 2 жилийн хугацаанд Сяньбигийн үеийн 26 булшийг малтаж, судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд Сүхбаатар аймгийн нутгаас Түрэгийн үеийн 13 гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолбор илэрсэн. Урьд өмнө нь дэлхийд ийм төрлийн цогцолбор илрээгүй гэдгийг доктор Ц.Төрбат онцлов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Үзүүр гялаан гэдэг  газраас болон Баян-Өлгий аймгаас  хоёр хатны оршуулга илэрчээ. Энэхүү олдворын талаар доктор, Ц.Төрбат “Ховд аймгаас илэрсэн хатны оршуулга нь Киданы үеийнх. Харин Баян-Өлгий аймгаас олдсон нь Киданаас Монголын үед хамаарч байна. Эдгээр оршуулга нь өндөр уулын бүсэд байсан учраас онцгой сайн хадгалалттай, баялаг хэрэглэгдэхүүнтэй байсан. Баян-Өлгий аймгаас илэрсэн оршуулгаас монголчуудын шашин шүтлэг, тэнгэрийн шүтлэг, бөөгийн шашинд байдаг онго анх удаа биетээрээ гарч ирлээ. Сяньбигийн үеийн булшнаас хоёр бүтэн хувцас хэрэглэл олдсон. Малгайнаас эхлээд гутал хүртэл бүрэн гарсан. Монголд бүрэн хувцас хэрэглэл олдсон малтлага ердөө гурав бий. Нэгдүгээрт алдарт ноён уулын зургаадугаар булшнаас бүтэн торгон хувцас гарсан. Хоёрдугаарт 2006 онд Цэвээндорж багш Монгол Алтай, Мөнх сарьдгийн булшнаас малгайнаас эхлээд эсгий оймс хүртэлх бүх хувцас гаргаж авсан. Энэ жил Бургастын Сяньбигийн булшнаас малгай, оймс зэрэг торгон хэрэгсэл гарсан. Энэ маш өндөр ач холбогдолтой.

 

Булш болгоны хадгалалт өвөрмөц байдаг. Тухайлбал Бургастын булшнаас бүрэн хувцас хэрэглэл гарсан. Гэтэл яг түүний хажуу талын булшнаас араг яс гарсан. Хувцас хэрэглэл бүрэн гарсан оршуулгыг чулуун хавтангаар тойруулан хамгаалсан бөгөөд дотроо модон авс нь бүтнээрээ байсан. Тийм учраас дотогшоо чийг ороогүй, хувцас бүтэн байхад чухал нөлөө үзүүлсэн байгаа юм.

 

Бид Хүннүгийн үеийг сайн мэднэ. Судалгаа сайн явагдсан. Материал маш их бий. Дараа нь Түрэг буюу Монголын талаар ч бид мэдлэг, мэдээлэлтэй болсон. Гэтэл Сяньбигийн үе буюу Жужаны үе судлах материалгүй хоосон үлдчихсэн байсан.  Сяньбигийн тухай зөвхөн бичгийн эх сурвалж байсан. Гэвч бодит олдворууд буюу бүтэн оршуулга нь гарч ирээгүй байсан. Тухайн үед амьдарч байсан хүмүүсийн түүх соёлыг судлахад булш, бунхан буюу оршуулга чухал ач холбогдолтой. Үүнээс бид тухайн хүмүүсийн угсаа гарал, соёлын хөгжил, хөрш зэргэлдээ Орос, Алтай, Тува, Казахстан зэрэг бүс нутгийн харилцаа холбооны талаар мэдээлэл олж авч болно. Мөн мал аж ахуйн хэв шинж, хэлбэрийг нь судлах асуудал манай улсын археологчдийн өмнө тулгарч буй асуудлуудын нэг. Дээрхи оршуулгыг нээн илрүүлснээр Сяньбигийн үеийн аж байдлыг судлах бололцоотой болж байна" хэмээн тайлбарлалаа.

 

Хар балгасаас XI зуунд холбогдох шонхор шувууны яс олдсон

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн эрдэм шинжилгээний хурлын үеэр МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхмийн профессор, доктор У.Эрдэнэбат “Монгол-Германы “Орхон” төслийн 2016 оны хээрийн шинжилгээний дүнгээс танилцуулав.

 

Архангай аймгийн Хотонт сумын Орхоны хөндийд байрлах Уйгарын хаант улсын нийслэл гэгдэх Хар балгас орчин дахь судалгаанд Монголын талаас Шинжлэх ухааны Түүх-Археологийн хүрээлэн, МУИС, Германы зүгээс тус улсын археологийн хүрээлэнгийн судлаачид хамтран ажиллажээ.

 

Доктор У.Эрдэнэбат "2009 оноос эхлэн Хар балгасанд судалгаа явуулж эхэлсэн. Хар балгасын цайз дахь хэрмийн зүүн урд булан дахь цитадель гэх барилгад 2011 оноос хэсэгчилсэн судалгааг явуулж эхэлсэн юм.  2014 оноос цитадель барилгын зүүн хэсгийг малтаж эхэлсэн бөгөөд үүнийг 2016 онд үргэлжүүлэн судаллаа. Барилгын зүүн болон урд хэрмийн зохион байгуулалтыг судлахад барилгыг шавраар барьсан ч голд нь модон арматур суулгаж өгсөн байна. Ханын өнгөн хэсгийг шавардаад гадуур нь шохойдсон, баганийг тоосгоор өрсөн, зарим хэсэгт уг тоосго нь бүхэлдээ нурсан байна.  Барилгын дээврийг тулж байсан баганийн суурийг илрүүлсэн. Энэхүү сууриуд нь засаж янзалсан чулуун тулгуурууд байхад зарим нь харьцангуй жижиг хэлбэртэй байлаа. Барилгын өрөө тасалгаа нь нэлээд өвөрмөц тогтоцтой. Шалыг бүхэлд нь тоосгон хавтангаар шалласан. Дээвэр, хаалга үүдний хэсэгт бороо цасны усыг зайлуулах хувил гаргаж нэлээд бодож, төлөвлөж хийсэн зохион байгуулалттай юм билээ. Мөн энэхүү барилга нь гүн сэтгэгдэл төрүүлэхүйц хүндтэй барилга байжээ.

 

Уг барилга нь баруун болон хойд хэсэгтээ тус бүр нэг хаалгатай байсан. 2016 онд хэрмийн зүүн хэсэг болоод баруун хаалганы хоорон дахь зохион байгуулалт, уялдаа холбоог тогтоох зорилгоор 160 метр квадрат талбайд малтлага хийсэн. Малтлагын үр дүнд цитадель барилга нь дээвэргүй задгай байсныг тогтоосон. Барилга зүүн хэсэгтээ нэлээд эвдэрсэн байна. Цитадель барилгаас олдвор хэрэглэдэхүүн маш бага олдсон. Ихэнхдээ барилгын материалын зүйл олсон. Тухайлбал 4 метр орчим зузаан, уран хийцтэй тамганы дардацтай ваар, барилгын дээврийн толгой ваар, хатны дүрстэй шавар, чимэглэлүүд олдсон. Чулуун урлал гайхалтай хөгжиж байсныг гэрчлэх чулуун олдворууд буюу тухайн үеийн Уйгар хийцтэй чулуун тулгуурууд олдсон.  Мөн Тан улсын тахилын зүйл болох цэцгийн тавиур, байлдааны зэр зэвсэг олдсон. 2015 оны малтлагаар барилгын төв хэсгээс шонхор шувууны яс олдсон. Энэ яснаас Герман улсын лабораторид дээж аваачин шинжилгээ хийхэд XI зууны үед холбогдож байгаа юм. Тэгэхээр Уйгарын үеэс хожуу үед холбогдох олдвор юм.

 

Мөн нэг сонирхолтой зүйл нь хятад бичиг бүхий цагаан гантиг чулуунууд байна. Энэ нь 1825 оны үед холбогдож байгаа юм. Үүнийг язгууртны дурсгалд зориулсан зүйл болохыг тогтоосон" хэмээн судалгааны дүнг танилцуулсан юм.

 

“Олон дов”-оос тансаг зэрэглэлийн торгон хувцас олдсон

 

Мөн доктор У.Эрдэнэбат Олон довын дурсгалт газарт 2016 онд хийсэн археологийн судалгааг танилцууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр "Олон дов нь хар балгаснаас 12 километрийн зайд уулын зүүн энгэрт байдаг. Энд 2010-2013 оны хооронд 34 булш малтан судалсан. Эдгээр булшны ихэнхи нь дундад зуун буюу найм, есдүгээр зууны үед холбогдож байгаа. Нүүдэлчдийн хэвшмэл оршуулгын зан үйлээс эрс өөр зохион байгуулалттай. Ихэнхи нь булшны нүх ухалгүй газрын өнгөн хөрсөн дээр цогцсыг байрлуулан чулуу, шороо овоолон дөрвөлжин, дугуй хэлбэртэй байгууламжинд оршуулсан байгаа юм. Илэрч байгаа олдворууд нь барилгын материал нэлээд ашигласан байгаа юм. 

 

Оршуулах ёслолыг хосоор буюу олноор үйлдсэн байгаа юм. Тухайлбал судалгааны явцад 7 хүний оршуулга олдсон. Мөн 37 дугаар булшинд насанд хүрсэн хүн оршуулсан, 38 дугаар булшинд хоёр хүүхэд, нэг насанд хүрсэн хүн оршуулсан байсан. Булшны нүх ухаагүй учраас бүгд эрт цагт толгой дараалан тоногдсон байна. 2012 онд 26 дугаар булшнаас бунхант оршуулга олдсон. Энэ нь залуу эмэгтэй хүний оршуулга байсан. Огт тоногдоогүй боловч эд зүйл олдоогүй. Харин хувцас хэрэглэл нь олдсон. Хувцасыг Улаанбаатар хотын Соёлын үнэт өвийн газарт сэргээн засварлуулж, Архангай аймгийн музейд олдворуудыг шилжүүлэн өгөөд байна. Оршуулгаас олдсон хувцасууд нь маш өндөр чанарын тансаг зэрэглэлийн торгоор хийгдсэн нь тогтоогдсон. Хүүрийн хажуугаас олдсон малгай нь алтан хээтэй байв. Улмаар VII-VIII зууны Ляо улсаас өмнөх Уйгар улсын үеийн хүн гэдгийг нотолсон.

 

Булшнуудын өрлөгийг хийхдээ маш чадварлаг хийсэн байгаа юм. Булшны зохион байгуулалтаас харахад өрлөг үйлдсэн хүмүүс хот суурин, барилга барих өндөр мэдлэг, чадвартай хүмүүс байсан нь  мэдрэгдсэн" хэмээн судалгааны дүнг танилцууллаа.

 

Хуралд ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатар их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтэн тайлангаа танилцуулав.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
malnuud:
teer jil neg hereg sonsogdood ungursun yum daa muzein ajiltan asar ih uzmer hulgaihiisen baisan kkkmani hed gaigui yum garaad irheer ni hantsuilaad bgaan bish beez . suns ni yumaa haraad bj medne shuu . ur huuheddee hurungu bish gai ubluulev dee ta nar
2017-01-12
Ха ха ха:
Модон драмтург гэж юу вэ? Арматур гэж бичих гээд андуурчээ дэ. Энэ сэтгүүлчийг дахин сургуульд явуул
2017-01-12
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-01-12
ЗОЧИН:
БУЛШ УХАХАА БОЛООЧ ЭЭ.
2017-01-12
Зочин.:
Арай л замбараагүй мэдээлэл юмаа . хүмүүсийн нэр ус энэ тэр хэрэг алгаа
2017-01-12
Зочин:
Сүхбаатарт Дэлгэрхаан гэж сум байхгүй шүү.
2017-01-12