14 настай хулгайчийг үйлдэл дээр нь барилаа
2017-01-12

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны зогсоолд байсан автомашины цонхыг хагалан хулгай хийсэн этгээдийг үйлдэл дээр нь барьжээ. Тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй О “MP-5” хөгжим болон бусад эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Мөн өнгөрөгч шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-2” хорооллын гадаах зогсоолд байсан “Toyota рrius-20” автомашины иж бүрэн баттерейг Чингэлтэй дүүгийн 17 дугаар хороонд оршин суух хаягтай 28 настай, эрэгтэй У бусадтай бүлэглэн хулгайлсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Цагдаагийн байгууллагаас приус маркын автомашины зай хураагуур хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион явуулж байна. Шинэ он гарсаар тухайн гэмт хэргийг бүлэг зохион байгуулалттайгаар үйлддэг С, Э, Т, Б, Б, Т нарыг олж тогтоон шалгахад нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 21 удаагийн үйлдлээр приус маркын автомашины иж бүрэн зай, их гэрэл зэргийг хулгайлан, зарж борлуулсныг тогтоогоод байгаа юм.

 

Уг этгээдүүд нь захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч хэлбэрээр гэмт хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлддэг, тодорхой хэсэг нь приус автомашины засварын газар ажилладаг байсан нь шалгалтаар илэрсэн.

 

Иргэд та бүхнийг өөрсдийн өмч хөрөнгийг хамгаалж, аливаа гэмт хэрэгт өртөхгүй байхад анхаарч, харуул хамгаалалттай газар машинаа байрлуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах шаардлагатай гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин