Эхийн сүүг орлох бүтээгдэхүүн хаана ч байхгүй
2017-01-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай  хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.  Хүүхдийн хоол тэжээлийн бүтээгдэхүүн импортоор ихээр орж ирэх болсон. Үүнтэй уялдаад хүүхдийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Тиймээс хүүхдийг хөхөөр хооллох бодлогыг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуул тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Хүүхдийн сүү орлуулагч импортын бүтээгдэхүүн өнөөдөр их хэрэглэгдэж байна. Гэтэл үүний хор уршиг гарах вий дээ. Яагаад сүүлийн үеийн залуус хүүхдээ сүүгээрээ хооллож чадахгүй байна вэ? Монгол эрчүүд “үнээ маань сүүтэй байснаас эхнэр маань сүүтэй байгаасай” гэдэг.

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг:

 

-Нөхөн үржихүйн насны залуучуудын дунд хүүхдийг хөхөөр хооллох нь багассан байна. Эхийн сүүг орлох бүтээгдэхүүн хаана ч байхгүй. Тиймээс хүүхдийг эхийн сүүгээр хооллохтой холбоотой хуулийн төслийг оруулж ирсэн. Зар сурталчилгаа залуучуудын дунд газар авч байна.  0-6 сартай хүүхдийн  78 хувь нь эхийн сүүгээр бойждоггүй тохиолдолд байсан.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Эхийнхээ сүүг хөхөж өссөн хүүхэд халдварт өвчин тусдаггүй гэдэг. Сүүлийн жилд хүүхдийн хоол тэжээл 9 дахин нэмэгдэж, ээж нь хүүхдээ хөхөөрөө хооллох нь багассан байна. Монгол ээжүүд яагаад 20 хувиар хүүхдээ хөхүүлэх сонирхолгүй болсон бэ гэдэг нь чухал асуудал. Үүнд ямар шалтгаан бий болсон бэ?

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг:

 

-Залуучуудад эхийн сүүг орлодог бүтээгдэхүүн байдаг юм байна гэж ойлгогджээ. Нөгөө талаас гоо сайхантай ч холбоотой байдаг байна. Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тусгаж өгсөн байгаа. Оюутнууд  эх болсон тохиолдолд  эрхийг нь хамгаалах заалтыг оруулж ирсэн.

 

Гишүүд ийнхүү асуулт асуулж, хариулт авлаа. Мөн М.Билэгт, Ц.Цогзолмаа, А.Амарзаяа нар энэ хуулийн төслийг дэмжиж байгааг илэрхийлж, үг хэлсэн юм.   Ингээд санал хураалтаар  Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай  хуулийн төслийг гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.  Дараагаар нь Донорын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин