Хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчилжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 14-ний өдөр /2017.01.14/ 18 настай Ц.А-г үл таних хүн зодож хүнд гэмтэл учруулан, хүчирхийлсэн хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн. Уг хэргийн сэжигтнийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Уг хэргийг илрүүлэхээр Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хамтарсан ажлын хэсэг гарган ажиллажээ. Улмаар хэргийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1997 онд төрсөн Н.Р гэгч үйлдсэнийг тогтоосон байна.
Мөн хэргийг шалгах явцад сэжигтэн Н.Р нь 2017 оны нэгдүгээр сарын 1-нд иргэн У.С-гийн “Galaxy S5” загварын гар утсыг, мөн өдрийн 21:00 цагийн үед иргэн С.А-ийн “Galaxy S5” загварын гар утсыг, 2017 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр иргэн Э.Н-ийн “LG” загварын гар утсыг хоолойг нь боож унаган, зодож амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэнийг тогтоожээ.
Хохирогч Ц.А-гийн гавал яс цуурсан, тархинд цус хуралт үүссэн зэрэг хүнд гэмтэл авчээ.
Дашрамд дурьдахад зарим цахим сайтад “Өмнөговь аймагт гарсан хэргийг гурван хүн үйлдсэн, цагдаагийнхан нэгийг барьж, хоёр нь баригдаагүй байна” гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ нь ташаа мэдээлэл бөгөөд дээрх хэргийг үйлдсэн хэрэгт Н.Р-ийг сэжигтнээр тооцон, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ