Цолны нэмэгдлийг тэтгэвэр дээр тооцон олгохыг хүсчээ
2017-01-24

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрэгтэй 25, эмэгтэй 20 жилээс дээш алба хааж, илүү ажилласан сарын нэмэгдлийг тэтгэвэр бодоход тооцох, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс бодож тогтоох асуудлыг төсөлд тусгасан нь УИХ-аас 2015 онд батлан мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энгийн тэтгэвэр авагчид одоо мөрдөж байгаа зарчимтай нийцүүлжээ.

 

Мөн хуулийн төсөлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4 дүгээр хэсгийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тогтоох, цэргийн байгууллагаас халагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тусгасан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулсан.

 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо хийжээ. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа. Энэ  онд  1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын өргөн барьсан төслийг бүрэн дэмжиж байна. Өнгөрсөн дөрвөн жил энэ чиглэлээр цэргийн албан хаагчдаа маш олон өргөдөл, гомдол ирж байсан. Харамсалтай нь өнгөрсөн парламентын бүрэн эрхийн хугацаанд энэ чиглэлийн өөрчлөлтийг хийж чадаагүй. Харин Засгийн газар, ХНХЯ-ны зүгээс богино хугацаанд цэргийн албан хаагчдын зүгээс тавьж байгаа хүсэлтийн дагуу хуульд өөрчлөлт оруулан, төсөл өргөн барьж байгаад нь талархаж байна. Үүний үр дүнд цэргийн албан хаагчид эрт тэтгэвэрт гарч байгаа гэсэн энгийн байгууллагад ажиллаад, энгийн байгууллагад ажилласан жилээ цэргийн албан хаасантай дүйцүүлээд тэтгэмжээ нэмэгдүүлэх бололцоо үүсч байгаа. Цэргийн алба хааж байгаа гэр бүл аль аль нь амь насаа алдсан тохиолдолд үр хүүхэд эцэг, эхийнхээ цалингийн нийлбэрээр тэтгэмж авах гээд олон давуу талыг эх орноо хамгаалж, зүтгэж байгаа албан хаагчдад боломж олгожээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр цэргийн албан хаагчийн зүгээс тавьж байгаа нэг хүсэлт нь цолны нэмэгдэл. Дээд офицерууд цолны нэмэгдлээ авахаар, бусад офицеруудад боломжгүй болчихоод байгаа юм. Баянзүрх дүүргийн ИТХ-аас цэргийн албан хаагчдын цолны нэмэгдлийн тухай Өргөдлийн байнгын хороонд хүсэлт ирүүлсэн. Энэ өргөдөлд “Цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд болон ахлах, дунд офицер, ахлагчийн урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны  цалинг харьяалсан үндсэн байгууллага эсвэл НДС-гаас олгоно гэсэн заалтыг энэ хуулийн төсөлд оруулах. Хоёрдугаарт тэтгэврийн зөрүүг арилгах итгэлцүүр нь тэтгэвэрт гарах үеийн өндөр албан тушаалд байсан үеийн цалингаар бодуулахаар баг тогтоогддог. Харин 1992 оноос өмнө бага албан тушаалд ажиллаж байсан үеийнхээр бодож тооцохоор илүү тогтоогддог жишгийг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт өмнө нь энэ хуулийн төсөлд ажиллаж байсан  Сэдэдпүрэв нарыг оруулмаар байна. Бэлтгэл хурандаа Сэдэдпүрэв” гэсэн гарын үсэгтэй  өргөдлийг ирүүлсэн юм. Би энэ өргөдлийг цаг алдалгүй холбогдох байнгын хороонд хүргүүлсэн.  Энэ саналыг хуулийн төсөлд тусгаж, нэр бүхий хүмүүсийг ажлын хэсэгт оруулах боломжтой юу гэдгийг салбарын сайдаас асуусан юм. ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:

-Цэргийн хүний хувьд төрөөс хүртсэн цол чухал  байдаг. Офицеруудад шаталсан байдлаар цолны нэмэгдэл олгож байх нь зарчмын хувьд зөв. Гэхдээ энэ нь төсөв мөнгөтэй холбоотой асуудал. Хуулийн төслийг хэрэгжүүлэхэд 2017 оны төсөвт 260 сая төгрөгийг нэмж тусгасан хэмээлээ.

 

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Өргөдөл гаргасан ахмад дайчин эдийн засгийн хүндрэлийг ойлгож байгаа. Тиймээс заавал энэ оны төсөвт уг асуудлыг тусгахыг шаардаагүй. Цааш цаашдаа энэ асуудлыг хуульд тусгаж өгөхийг хүссэн” гээд уг өргөдлийг ХНХ-ын сайдад гардууллаа.

 

ХНХЯ-ны газрын дарга н.Мөнхзул “Цолны нэмэгдлийг тэтгэвэр дээр нь нэмж олгож өгөөч гэсэн хүсэлт байна. Цэргийн албан хаагчдын тэтгэврийг бодохдоо авч байгаа дундаж цалин хөлсний 80 хувиар тооцож  байдаг. Үүнд цолны нэмэгдэл тодорхой хэмжээнд байдаг” гэсэн хариулт өгсөн юм.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Сүүлийн үед шинэ парламент бүрдсэнээс хойш нийгмийн халамжийн чанартай хуулиуд маш ихээр орж ирж байна. Ард иргэддээ тэтгэвэр, тэтгэмж олгох талаар санал нэг байна. Гэтэл манай улс 1.7 тэрбум төгрөгийн өртэй.  Хууль санаачилж байгаа хүмүүс  төсөв дээр үүсч байгаа ачааллыг бодолцох хэрэгтэй.  2020 гэхэд Монгол Улсд 8.1 их наяд төгрөгийн орлоготой болох юм шиг байгаа юм. Би эдийн засагч хүний хувьд санаа зовж байна” гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргалаа. Байнгын хорооны гишүүд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжсэн юм. Ингээд чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАЙ БААСАА.АМАНДАА ЧИХЭЭРЭЙ
2019-01-30
Зочин:
МАЙ БААСАА.АМАНДАА ЧИХЭЭРЭЙ
2019-01-30