6000 хүнийг ”давхар дээл”-тэй болгохыг эсэргүүцэж байна
2017-01-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар  хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулав.

 

Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл,  Ахмад настны тухай,  Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Арбитрын тухай хуулийн тухай,  Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай  зэрэг нийт 17 асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Арбитрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж өгнө үү. Учир нь Монгол Улсын үндэсний эрх ашигт харшилсан шинжтэй байна. Талууд нь өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол олон улсын арбитрын маргаан гэж үзнэ гэж заасан байна лээ. Газрын тухай хуульд Арбитрын маргаан үүсч болохоор байна. Тиймээс энэ нь эргээд Монгол Улсад биш олон улсын асуудал болоод байна.  Мөн Сурын хуулийг хэлэлцмээр байгаа юм” хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бид 50 гаруй жилд 40 гаруй мянган толгой малаа алджээ. Энэ жил хавсарсан зуд болно гэж олон улсынхан үзэж байна. Засгийн газар чадлаараа ажиллаж байгаа ч малчны хотхонд очихоороо 5-7 хоногийн тэжээл хүргэж байна. Хамгийн хүнд үе нь 3-4 дүгээр сард болох юм байна. Тиймээс үүнийг хэлэлцэх асуудалд  оруулаад Засгийн газрын онцгой байдлын ажлыг дэмжихгүй бол хүнд нөхцөл байдал үүсэхээр байна. 30 км газарт машинаар бүтэн нэг өдөр явж очих нөхцөл байдал үүсээд байна” гэсэн юм.

 

Харин АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Засаг захиргаа, түүний нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. АН-ын бүлэг үүнийг хууль санаачлагчид нь буцаах шийдэлд хүрсэн. Олонхи дэмжин хэлэлцэж байна. Энэ хуулиар төрийн албанд халаа сэлгээ их явагдахаар байна.  Дээр нь бүх шатанд “давхар дээл”-тэй байхаар байна. Нийтдээ 6000 хүнийг давхар дээлтэй байлгах хуулийн заалт орж ирж байна шүү. Үүнийг АН-ын бүлэг эсэргүүцэж байна. Тиймээс хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргаж байна” гэлээ.

 

УИХ-ын дарга М.Энхболд “Энэ хуулийн төслийг хэлэлцэх үед горимын санал хураая гэсэн юм. Харин Арбитрын хуулийн тухайд  хууль зөрчсөн асуудал байхгүй гэдгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбарлав.  

 

Ийнхүү “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин