Бурхан Халдун Хэнтий ханы хэдэн тоот өндөрлөг болохыг тодруул
2017-01-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.

 

Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт  415012 га талбайг эзлэн оршдог.

 

Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.

 

Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм.

 

Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Мөн Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон аж.

 

Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг онцолж байсан. Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Олон улсын санд бүртгүүлсэн их эзнийхээ энэ сайхан уулаа хайрлаж байгаад талархаж байна. Бурхан Халдун уул бол гурван голын монголчуудын  хайрхан. Аялал жуулчлалын бүс болгоно гээд байна.  Ямар газрыг жуулчдын бүс болгох, ямрыг нь хайрлан хамаалах эсэхээ салбарынхан анхаараарай. Ихэсийн газартай холбоотой Ноён уулын асуудал байна. Ихэсийн газраа хамгаалъя. Ухуулахгүй байя гэж уриалъя. Дэмжиж байна.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав:

 

-Газарзүйн нэрсийн жагсаалтыг батлах тухай тогтоол байдаг юм байна. Энэ жагсаалтдаа өөрчлөлт оруулах тухай саналын томъёоллоо хийх хэрэгтэй. Бурхан Халдун гэж нэрлэхээр болж байгаа энэ Хан Хэнтий нуруу маань маш олон оргилтой. Газарзүйн байршлаараа 2361.5 метр оргилыг л Бурхан Халдун гэж нэрлэхээр байгаа юм. Бид хуулийн төсөлдөө нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Манай академиас маш олон судалгааны ажил хийсэн. Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн уулаа хамгаалалтдаа авах хэрэгтэй Масштабыг нь зөвөөр тэмдэглэх хэрэгтэй. Харин Хан Хэнтий нуруу маань хэвээрээ үлдэж байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Бага Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан уул. Нэрийг нь соливол Асралт хайрхан уул. Хуучин ЗХУ-ын үед зураглал хийхдээ Хан Хэнтий уул гэж нэрлэсэн. Монголчуудын шүтээн уул. Хан Хэнтий нурууны нэрийг өөрчлөх асуудал байхгүй. Гишүүдийнхээ хэлж байгаатай санал нэг байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Би Минжийн Хангайн заставт явж байхад Асралт хайрхны урдуур явж байсан. Хэнтий хан уул хэвээр үлдээд Бурхан Халдуны оргилыг өөрөөр нь нэрлээд байна гэж ойлгож байна. Тэгж ойлгоод байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Би дэмжиж байна. Аялал жуучлалаа дэмжиж, Бурхан Халдун гэж жуулчдад зааж өгөхөд хэрэгтэй. Дархан цаазтай газар гэдэг утгаараа өөр. Хан Хэнтийн нуруу гэдэг нэг утга.

 

Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа Хэнтий хан уулыг Бурхан Халдун гэж өөрчилж нэрлэх төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжив.  УИХ-ын дарга “Энэ хуулийн төслийг оруулж ирэхэд би Засгийн газарт хэлж байсан. Хэнтий Хан уулын хэдэн тоот өндөрлөг вэ? гэдгийг тодруул, Оюунхорол сайд аа” хэмээн анхааруулав.

 

Ингээд Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оюунхорол нэг жаахан хачин тайлбар хийх юм, тийм өндөртөй уул л гэчихгүй
2017-01-26