Зүүнбаян-Хангийн төмөр зам нэг тэрбум ам.доллараар “босно”
2017-01-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байна. Чуулганы хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн төсөл дэх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хоёр цаг орчим хэлэлцээд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

 

Нүүрс, төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх төмөр замын төслийн урьдчилсан судалгааг хийжээ.  Ингэснээр 2018 оноос 2025 онд жил тээвэрлэгдэх ачааны хэмжээг 10-21 сая тонн болж Зүүнбаян-Ханги-Мандал, Бугат гэсэн төмөр замын сүлжээ байгуулах ачаа тээврийн үндэслэл болох аж.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ЗТХ-ийн сайд Д.Ганбат хариуллаа.  

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ярихгүйгээр Ханги-Мандалын төмөр замыг барихаар ярьж байна. Эдийн засгийн чухал ач холбогдолтой юм уу. Нэг тэрбум гаруй ам.доллараар концессийн гэрээгээр барина гэж байна. Яаж энэ өртгөө нөхөх вэ?

 

-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг барихаар ярьж байгаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам 14 жилд өртгөө нөхөх судалгаа гарсан.

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

 

-2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан. Энэ хүрээнд ямар ажил хийгдсэн бэ?

 

-2010 онд батлагдсан Төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд хувийн хэвшил болон улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Зүүнбаян-Ханги чиглэлд баригдах төмөр замын эдийн засгийн үр ашигтай гэж үзсэн. Нөмрөгийн чиглэлийн төмөр зам эдийн засгийн ач холбогдолгүй гэж үзэн эдийн засгийн тооцоолол хийгээгүй.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам Бугат руу холбогдоод цаашдаа ямар замаар холбогдох вэ? Цайны замаар холбогдох уу? Энэ зам Тавантолгой, Оюутолгой чиглэлийн ачааг зөөхөд ашиглагдах уу? Энэ зам Бугат дээр очоод зогсох гээд байна. Бугатынхан Австралиас нүүрс авна гэвэл яах вэ?

 

-Бид Хөөт-Бичигтийн төмөр замын кордирыг эхэлж шинэчилнэ. Тээвэрлэлт ачааг нэмэгдүүлнэ. Баруун бүсийн кордироор Нарийнсухайт-Шивээ хүрэнгийн төмөр замыг барих эдийн засгийн үндэслэлээ боловсруулна. Бугат хотод олон улсын зэрэглэл байхгүй манайх олон улсын нислэг үйлддэг. Бугат хот манай иргэний агаарын тээврийг дэмжиж ажиллаж байгаа. Бугат хотын төмөр замаар зөвхөн төмрийн хүдэр биш боловсруулсан бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ.  Улсын төсөвт дарамт учруулахгүйгээр барих бодлого барьж ажиллана.

 

УИХ-ын гишүүн Х.Баатарбилэг:

 

-Тавантолгойн төмөр замыг барих асуудлыг шийдээгүй байж Ханги-Мандалын төмөр замыг барихаар оруулж ирдэг ямар асуудалтай юм бэ. Концессоор барих бол дэмжих боломжгүй юм байна.

 

-Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замыг эдийн засгийн тооцоо судалгаатай оруулж ирсэн. Урьдчилсан судалгаагаар 1 тэрбум ам.долларын зардал гарна. Нийгэм, эдийн засгийн үндэслэлтэй.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

 

-Зүүнбаян-Хангийн төмөр замыг өргөн биш нарийн царигаар барихыг гишүүд санал болгож байгаа. Өргөн царигаар явуулаад Хятадын талд нарийн царигаар холбоно гэж байхгүй. Төслөөр 30 жилийн дотор улсад төлөх татвар нь 526 сая ам.доллар гэсэн тооцоог хэлсэн.

 

Гишүүд ийн асуулт тавьж, хариулт авч байна. Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын нэг км нь 4,2 сая ам.доллараар баригдах тооцоо байдаг аж. Дундажаар нэг км төмөр зам барихад 3.5 сая ам.доллар байдаг. Төмөр зам барих ханш тухайн газар нутгийн онцлогоос шалтгаалдгийг салбарын сайд онцолж байлаа. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ahmad tumur zamchin:
Amjilt husya orgon tsarig mongoliin tsag agaart tohirdoggui
2017-01-26