МУИС-ийн оюутнууд суурь хураамжийг зогсоохыг шаардав

МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа гадна талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Тус сургууль нь бакалаврын ангид суралцаж буй оюутнаас сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж 224 мянган төгрөгийг, магистр, докторын ангид суралцаж буй оюутнаас 336 мянган төгрөгийг жил бүр авдаг байна. Уг суурь хураамжийг зарцуулсан тооцоо судалгаатай баримт дэлгэхийг сургуулийн захиргаанаасаа хүсэж, ийнхүү жагсах болсноо оюутнууд онцолж байлаа.
Оюутнууд суурь хураамжийн мөнгийг юунд зарцуулсан тухай сургалтын алба, санхүүгийн албанаас лавлахад суралцах орчин, анги танхимын тохижилтыг сайжруулахад зарцуулсан гэдэг тайлбарыг хэлжээ. Гэвч энэ нь бодит байдал дээр худал гэдгийг жагсаалд оролцож буй оюутнууд онцлоод, суурь хураамжийг зогсоохыг шаардаж байлаа.
Суурь хураамжийг таван жил авч буй бөгөөд энэ хугацаанд нэг оюутан дунджаар 1 сая 120 мянган төгрөгийг тушаажээ. Жилийн хугацаанд оюутнуудын тушаасан суурь хураамж нийлээд 5.8 тэрбум төгрөг болдог тухай тус сургуулий оюутны холбооны тэргүүн хэлж байна.
Монгол Улсын их сургуулийн оюутнууд суурь хураамжаа төлсөн тохиолдолд хичээл сонголтоо хийх нөхцөл бүрддэг байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ