“Болор цом”-д хэн, ямар шүлэг уншив
2017-01-31

 

"Болор цом-34” яруу найргийн наадам  Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болж өндөрлөлөө. Энэ удаа Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ойд зориулж зохион байгуулсан.

 

Наадмын эхний шатанд 170 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс 30 найрагч сүүлийн шатанд үлдээд байв. Үүнээс  Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан “Болор цом”-ын эзнээр тодорсон. Ингээд "Болор цом 34" наадамд хэн, ямар шүлэг уншсаныг сонирхуулж байна.

 

"Болор цом 34” наадмын тэргүүн шүлэг “Тэр эмэгтэй”

 

Сүхбаатар аймгийн харъяат яруу найрагч Борхүүгийн Батсайхан

 

Тэр эмэгтэйд би хайртай

 

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

 

Даарсаар очиход минь угтан авч

 

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

 

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

 

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

 

Тэр эмэгтэйд би хайртай

 

Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

 

Халууцсаар очиход минь тосон авч

 

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

 

Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

 

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

 

Жирийн л нэг монгол эмэгтэйгээс

 

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

 

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэй

 

Ээж гэдэг

 

"ЭСЭЭ ШҮЛЭГ"

 

“Алтан өд” шагналт, яруу найрагч  Ядамсүрэнгийн Баяраа

 

    1. Нүүдэл тосон гарахаар, цай цүүгээ зэхэх заншил

 

    Зүүд л болж үлдэх ирээдүй

 

    Сүүтэйгээ цуг хөхөж өссөн эх хэлнийхээ

 

    Сүүлчийн яруу найрагч нь гэх хар совин

 

    Цуурын бүүдэн аялгуу шиг цээжний мухраас цуурайлна…

 

    Хэрэв энэ бүхэн үгүй болвол

 

    Хэнийхээ төлөө амьдрах хэрэг вэ гэхээс

 

    Зундуйн Дорж гэх омголон өвгөний өмнө

 

    Зуун зуун буруутай мэт санагдана

 

    Биеийн зовлон, эдийн гачлан төдийгүй

 

    бичсэн хэдэн мөр минь хүртэл

 

    Бирдийн хоосон ходоодноос дуулдах

 

    Биегүй хоосон авиа мэт санагдана…

 

2. Санжаасүрэнгийн Анударь. “Амьдрал бол Шүүх ажиллагаа”

 

Санжаасүрэнгийн Зориг. “Эрх чөлөө бол бодит үйл хэрэг”

 

Үзээгүй, таниагүй, мэдээгүйгээ үнэний хэмжүүр болгож

 

Үнэт зүйлийн үүлэн сүүдэрт амьдрагчдад хүртээлгүй

 

Шүтэн бишрэгчид нь үнэндээ нэмж алсаар буй

 

Шүтээнүүд шиг хувьгүй хүмүүс хорвоод үгүй.

 

Хийрхэгч, даган дууриагч, хоосон мөрөөдөгчдийн сүлд болж

 

Хийсэн бүтээснийхээ мөн чанараас эсрэг үйлдэлийн зөвтгөл болж

 

Зүгээр л хайрлан шатаж явсан мөн чанар нь зүгээр л

 

Зүүдэг тэмдэг, өмсдөг “T-Shirt”-ний хоосон нялаадас болж

 

Туг барих өчүүхэн ч бодолгүй явсан хөөрхийсийг

 

Туг болгоод оромжныхоо оройд хийсгэчихэв ээ хөөрхий.

 

Гэмтнүүдэд цааз оноохтой агаар нэгэн ч урвуу шалтгаанаар

 

Гэнэтийн цуутай үхэл тэдэнд иржээ. Тэд хүлээжээ

 

Хувь тавилангаа нэр төртэй үүрсэн тэднийг харин

 

Худал хуурмаг амьдралынхаа зөвтгөл болгох

 

Хуучин зэрэмдэг эрэлхийлэлдээ ивээс болгох

 

Хуучны сонгодог аргыг санамсаргүй сонгоод

 

Ухамсартайгаар хэрэгжүүлж яваа “шүтэн бишрэгч”-дэд хандаж

 

Ухамсартайгаар өгөх “хариу” минь, энэ хэдэн мөр…

 

“Эврика”

 

“Шинэ үнэр” бүлгэмийн яруу найрагч Өлзийхутагийн Үлэмжтөгс

 

 

Сиракуз хотын гудамжаар ялгуулсан уриагаа тунхаглаглан гүйгч шалдан эрд

 

Шившиг доог болох, түмэнд элдвээр хэлэгдэх огтын ч хамаагүй ээ

 

Суут сэтгэгчдийн алдрын сэнтийд хожмоо залагдах түүнд яг одоо бол

 

Санамсаргүйгээс шүүрдэж олсон  шинэхэн нээлтээ хүлээн зөвшөөрүүлэх,

 

Шижир алтан титэм мөн болохыг эзэн хаанд нотлох л туйлын чухал аа.

 

 Зүй бусын үйлдлээрээ зэрлэг ширэнгийн хүнийг санагдуулах тэрбээр, соёлт иргэншлийн

 

Зүй тогтлынх нь онолыг орвонгоор нь эргүүлчихээд гүйж явааг

 

Зон олон хожмоо л ухаарах харалган тавилантайгаас хойш

 

Зөвхөн  нүцгэн эр хэн гэгч байсныг, зүүн шанаан дахь тод мэнгээр нь таньж болохыг,

 

Золигийн эрхтэн нь урт эсэх тухай яв цавхан зүйлсийг л ярилцсаар хоцорно.

 

Хэрэг дуулиан, хов живээр сүнсээ тэжээгч хүн сүрэгт суут сэтгэгч чухамдаа

 

Хэмжэгдэхүүний онолыг нээж олсон байна уу, харьцангуй онолыг баталсан байлаа ч

 

Хүндлэл алдрын тэмдэг гаврын навчин титмийг хүртэн зүүх гавъяатан нь өнөөдөртөө биш ээ.

 

Сиракуз хотын гудамжаар ялгуулсан уриагаа тунхаглаглан гүйгч шалдан эрд

 

Шившиг доог болох уу, түмэнд алдраа дуурсгах уу гэдэг огтын ч хамаагүй ээ.

 

“НҮҮДЭЛ”

 

МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш

 

Галав эртний бичиг үсэг шиг нүүдэлчид

 

Галын дөл шиг сүүмэлзсээр

 

Тэнгэр рүү тэмүүлж ургасан моддыг

 

Тэмээн дээрээ тэгнэж ирдэг

 

Уулын модод нүүдэлчдийн

 

Улаан тэмээдэд бүүвэйлэгдэж ирэхдээ

 

Агшин хором бүхэнд хөнгөрсөөр

 

Аяархан хөвж эхэлдэг

 

Нүүдэлчид тэмээгээ хэвтүүлж

 

Нүдэнд итгэмээргүй ачаагаа засдаг

 

Домог эртийн дуу шиг нүүдэлчид

 

Дов толгод шиг чимээгүйгээр

 

Сум шиг ургасан моддыг

 

Нум шиг хөвчилж

 

Цагираг хүрдэнд эргэлдүүлэн

 

Цаг хугацааг туулах хөсөг тэргээ хийдэг

 

Амаглан шөнөөр нүүдэлчдийн тэрэгнүүд

 

Алтаар бүрсэн юм шиг гялалзаж байдаг

 

Гүн шөнөөр шинэ модон тэрэгнүүд

 

Гүрнийг туулахаар зэхэж хонодог

 

Хамгийн эртний үлгэр шиг нүүдэлчид

 

Гуниг шиг чимээгүй

 

Үүрийн цагаан гэгээнээр гэрээ буулгаж

 

Үүл шиг хөнгөн нүүж эхэлдэг

 

Шинэ модон тэрэгнүүд нүүдэлчдийг

 

Шивээтэй тал дээгүүр зөөж эхэлдэг

 

Ач хүүгээ араганд суулгасан өвгөн

 

Ачаа хөсгөө хөтөлсөөр явахад

 

Гүрнийг зорисон тэрэгнүүд өвгөнийг

 

Гүйцэж чадахгүй араас нь өнхөрдөг

 

Шамбалд хүрч чадахгүй шинэ модон тэрэгнүүд

 

Шаналан энэлэнтэй үлдэж хоцордог

 

Хамгийн эртний бодол шиг нүүдэлчид

 

Ганцаардал шиг чимээгүй

 

Хүлэглэгч үүлсийн доогуур

 

Хүний зовлонг эдэлж ирдэг

 

Ач хүү нь өвөөгөө тэнгэрт хүргэхээр

 

Ачаатай тэргээ хөтөлж явдаг

 

Дэндүү хүнд ачаатай тэргэний дугуйнд

 

Дэлхийн чулуу бутарсаар байдаг

 

Өвгөнийг очих газраа очиход

 

Өрөвдөлт хүүгийн араас модон тэрэг

 

Өнчин амьтан шиг дагасаар явдаг

 

Хамгийн эртний зүүд шиг нүүдэлчид

 

Хүсэл шиг чимээгүй

 

Үндэслэгч газар дээр гэрээ барьж

 

Үйлийн үрээ дахиад эхэлдэг

 

Хөхөө шиг үрээ тэвэрсэн өрөвдөлт хөвгүүн

 

Хөлөө газар дээр чанга гишгэхэд

 

Шинэ модон тэрэгнүүд аль хэдийн хуучраад

 

Шижир алт шиг байхаа болисон байдаг

 

Хөсөг тэрэгнүүд нүүсээр нүүсээр

 

Хөх чоно шиг болсон байдаг

 

“ВОРОНТАБЫН ТАЛД ТӨРСӨН БОДЛУУД” 

 

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Балдоржийн Алтанхуяг

 

Атаатнууд нь өвсний толгой хяргаж нүглийнхээ тоог тэглэхээр

 

аврал эрсэн хойч үедээ чулуун хөшөө босгож орхиод

 

үүлсийн хормой сөхөж уулсын оройгоор цуван одох

 

үүдийг хараад л ертөнцөд мөнхрөл үгүйг мэдсэн

 

алтан титэмтэй хархны хумсыг өнгөлөх саарал хулгана

 

ахиад зуун жил зүтгэсэн ч хаан болохгүйгээ сэрэх агшнаа

 

ухамсарлаж ойлгосон оюун ухааныг талын уудмаар нисгэж

 

уйтгарын цаад хязгаарт үнэн оршсон орчлонгийн халуун дотор

 

хөл нүцгэн гишгээд дороосоо шатах ламын хүчирхэг дүрийг хадгалсан

 

хоосон орчлонгийн утгыг хяргуулсан өвснөөс л олном.

 

Цаг руугаа хяламхийчихээд нисэн одох тогоруудын тэнгэрт цуурайтсан дуунаар

 

цагаан морьтой байгалийн үзэгдэлд хүчин мөхөсдөх хүмүүний

 

даарсандаа хавирах шүдний тачигнасан чимээтэй Хөхүүрийн талд

 

дараачийн нар мандахад гэрлийн туяанд нь шувууд өндөглөж үзэгднэм.

 

Хөдсөн дээлийнхээ хормойгоор хөлсөө арчин гүйсэн бага насны

 

хүйтэн өдрүүдийг бүлээцүүлж сүрлэг цайз шиг гэрэлтэн харагдах

 

цасан шуурга сөрөн жагсаалын цэрэг шиг эгнэн зогсох мууран байшингуудын

 

цантаж бууралтсан дээвэрт Воронтабын минь ариун бүхэн цогцолном.

 

Нөгчигсдийн сүнсээр л амьдарч яваагаа ухаарнам. Энд

 

нөгөө ертөнц рүү орох хаалга л цэлийтэл нээлттэй байна.

 

Хуйнаас сугарсан илдний өмнө ч нүдэнтэй галтай зогсох жаалуудын

 

хувь тавилангийн үзүүрээс атган зогсох охин тэнгэрүүд л үгүй болжээ.

 

"Болор цом-34" яруу найргийн наадамд уншсан миний шүлэг.

 

 “САЙХАН ЗҮЙЛ ЦААНА ЧИНЬ ОЛОН Л БАЙНА ШҮҮ ДЭЭ”

 

МЗЭ-ийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ундраагийн Баярсайхан

 

Нийгэм шанлантай байна гэж мууг нь битгий урьтаж хар аа

Нилэнхүйдээ энэ орчлон нүд шиг алаг байдаг хойно

Бурууг нь чи урьтаж хараад өөлөөд байвал

Бусдад жаргал хүртээхээ ч байчих юм билүү

 

Хорвоо хүйтэн байна гэж сэтгэлээ битгий дааруул

Хожим дахин төрөхгүйгээс өнөөдөртөө л сэтгэл хангалуун бай

Бусдын хийсэн сайхан зүйлд баясч чаддаг хүн

Буяныг нь ч даах хувьтай байдаг гэлцдэг шүү

 

Амьдрах энэ насандаа алдаа гаргасан байлаа ч

Амьтны үрийн хийсэн бүтээл муу санаатайгаар төрөөгүй нь лавтай

Сайхнаар харах зүйл цаана чинь олон л байна шүү дээ

Салгаж ухаарах сэтгэл чинь сохорчихоогүй л бол нээгээд хар

 

Хөгжмийн эгшиг сонсоод залхахаасаа өмнө мэдэр

Хөөрлийн тухай шүлэг уншаад хаахаасаа өмнө ойлго

Залуу хосын тачигнасан инээдийг сонсоод айлгүйтэж байна гэхээсээ урьтаж

Заяаныхаа ханийг олсондоо баярлаж гэж бодоод аз жаргал илгээ

 

Сайн бүхэн муугаас хэзээ ч дорд яллагдаж үзээгүй болохоор

Саар бүхэнд төгсгөл тун удахгүй ирнэ гэж бод

Хэтэвч чинь хоосон байлаа ч саятан хүн шиг гэрэлтэж алх

Хэзээ нэгэн цагт чамайг тэр сонсч л таарна

 

Царай гундуу ч хувцсандаа нямбай ханд

Цалин чинь бага байлаа ч сэтгэлээ өег байлга

Чиний хүсэлд тааруулах гэж хэн ч өмнө чинь бөхийхгүй

Чилийсэн сайхан амьдрал босгохын тулд өөртөө хатуу шаардлага тавь

 

Бусдын хүүхэд өөрийнхөөс чинь авхаалжтай байна гэж бүү гутаа

Буурал хорвоод тэр тань чамайг л олоод ирсэн шүү

Албан тушаалд шунаж, дээдэс болохыг битгий хичээ

Аминчлаад ч олддоггүй тавилан гэж бас байдаг юм

 

Эцсийн эцэст энэ хорвоод муу зүйл гэж бараг алга

Эцгээсээ тасдаж үлдсэн нэрээ л харин зөв авч яваарай

 

"Бага нас"

 

“Шинэ үнэр” бүлгэмийн яруу найрагч  Доржнямбуугийн Эрдэнэзулай

 

 

I.
Дэлгээтэй цонх минь торон хаалттай


Дэнгийн эрвээхийд тэнд vдэш бvр цуглаад


Эрээнтэй бараантай ч, хайраар дvvрэн бидний амьдралыг


Эргэлдэн, нисэн бууж vзэж өнждөг


Өнчнийг хайрлах тухай аавын ярьсан vлгэр


Өдөржин бидний бодлоос гардаггvй, тэгээд


Ээжээс нууцаар vvдээ цэлийтэл дэлгэж


Өнчин эрвээхийнvvдийг гэртээ урьж оруулаад


Шөнөжин тэдний сvр сархийн нисэн буухыг чагнаж


Сvvдрээрээ ханан дээр эрвээхий зурж тоглодог.


II.
Цонхон дор минь хаягдмал өвснvvд ургах дуртай


Ээж болоод эгч нар минь тэднийг өрөвдөж уйламтгай


Аав харин уйланхай хvмvvст дургvй


Тэгээд, хаягдмал өвснvvдийг бvгдийг нь хядаж


Сvнсийг нь тэнгэрт нисгэхээр


Гал өрддөг


Шатаж буй өвсний гал солонгорон асахуйд


Шараас өөр өнгө vзээгvй надад хачин гоё байдаг!


III.


Цонх минь цантах дуртай


Цангийн хээнvvдэд би дуртай


Том байшинг минь дулаахан байлгадаг зуухны өмнө


Сонин урж тамхиа баагиулаад аав минь суудаг

 

Тамхины утаа, алаг эрээн vсгvvдийг уугиулаад


Амьдралын тухай аавын яриатай төгс зохицдог


Шарласан тааз ширтэж, дулаан хөнжилдөө шигдээд бид


Ээжийн чанасан аарцыг уудаг


Аарцнаас сайхан амттай байхдаа амьдрал гэж


Алдрайхан дvv минь биднийг хөгжөөдөг!


IV.


Хагархай цонхоор минь шороо чигжиж


Хажуугийн байшинг далдлам улайран шуурахад


Ээж аавын царай нэг л баргар


Эвдэрхий шалаа зvлгээд бид чимээ аниргvй


Гадаа гагцхvv, дээвэр цонх хэмхчин балбаж элс шуурна


Гарч тоглохыг минь хvлээн модон гулсуур гансарна


Эгч ах бидэн долоо эгнэн суугаад зуныг хvлээнэ


Эрвээхий зурж тоглохыг тэсэн ядан хvлээнэ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зо зо хеерхийдее ... энэ тэгээд Болор цом авах яруу уран шулэгнууд уу???
2017-01-31
Зочин:
Ядамсүрэнгийн Баяраагын Хайртдаа зориулсан Ягаан шүлэг нь гайхалтай шдээ .Энэ хүнээс илүү их уянга хүлээж байгаа. Тэр эмэгтэй шүлэг Жангум киноний тэр нэгэн таавраас үүдэлтэй юм шиг санагдав Бусад найрагч нарын шүлгүүд нь байдаг л нэг хог бна Яруу найрагч та нар доороо дэвхцээд сонирхогчийн хэмжээнд байх шивдээ өшөө сэтгээчээ. өөрсөддөө дурлаад байхынхаа оронд, сошиалаар та нарыг бараг хэн нь хэн бэ гэдгийг гадарладаг болсон шдээ
2017-01-31