Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг хандивлав

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мэдээлэлдээ:
-Өнөөдөр эдийн засаг хүндрэлтэй байна. АИХ-ын төлөөлөгч байсан хүмүүс улс эх орныхоо эдийн засагт санаа тавьж, хувиасаа мөнгө хандивлаж байгаа. Ялангуяа Монголын үндэсний компаниуд идэвхтэй оролцох хэрэгтэй. Эдийн засаг хямралтай, ард иргэдийн амжиргаа хүнд байгаа энэ цаг үед боломж бололцоогоороо дэм болж, нэгдэж орно байх гэж итгэж байна. Би бизнес эрхэлж, компани удирдаж байсан. Тиймээс би өөрөө хувь гишүүнийхээ хувиар 100 сая төгрөг өгч байгаа юм хэмээлээ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Манай гишүүд энэ уриалгад нэгдэж орох нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс бид нэгдэж, өөрсдийн боломжийн хэмжээгээр оролцохоор боллоо. Төр, засгаа 580 сая ам.долларыг төлөхөд нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулахаар оролцох нь зүйтэй. Ард иргэдийнхээ уриалгыг дэмжин оролцож байна.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Та хандивын мөнгөө ямар дансанд байршуулах вэ?
-Ард иргэдээс эдийн засгийн хямралыг даван туулахаар санаачлага гаргасан. Тиймээс би үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Засгийн газар иргэдийн санаачлагыг дэмжиж, данс нээх хэрэгтэй.
-Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн үр дүн хэзээнээс мэдрэгдэх бол?
-УИХ тодорхой шийдвэр гаргаад явж байгаа. Энэ нь хурдан шийдэгдэх асуудал биш. Шийдвэр гаргасны дараагаар асуудал шийдэгдэхгүй. Манай нам тавьсан зорилтынхоо хүрээнд тодорхой шийдвэр гаргасан. Энэ хавраас үр дүн гарч эхлэх байх. Цагаан сарын дараагаар ажил эхэлнэ. Том төслүүдээ хөдөлгөж эхлэх талаар нэгдсэн байр суурьтай байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ