Хоршоологчдод төрийн тогтвортой бодлого үгүйлэгдэж байна
2017-02-01

Монголын үндэсний хоршоологчдын V чуулган “Хоршоодын бизнесийн хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд боллоо. Чуулганд хот, хөдөөгийн хоршоодын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцож буй юм.  

 

 

Арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн, МХҮНХ-ны тэргүүн Н.Энхболд, Канадын хоршоодын холбооны “Инвест ко-оп” хөтөлбөрийн Монголыг хариуцсан менежер Катрин Кларк болон бусад албаны төлөөлөл оролцов. Чуулганыг нээж, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хэлсэн үгэндээ "...Хоршоог хөгжүүлэх нь манай орон шиг хүн ам цөөтэй, зах зээлийн багтаамж багатай, өргөн уудам газар нутагтай хөгжиж байгаа орны хувьд богино хугацаанд боломжийн зардлаар олон ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үр ашигтай сонгомол арга юм. Иймд Засгийн газраас хоршоо, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хоршоо хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх замаар тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, хоршоодын үйл ажиллагааны давуу талыг ашиглан жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийг боловсруулж, батлан хэрэгжүүлж байна.

 

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоршооллын салбарын эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдэж, ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж, хоршооны гишүүдийн орлого, амьдралын түвшин дээшилнэ. Мөн хоршооны хөгжлийг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжсэнээр хоршоод болон гишүүдийн тоо өсч, хоршоодын салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ борлуулалт нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ өснө” гэдгийг онцлов.

 

 

Харин УИХ-ын гишүүн, МХҮНХ-ны тэргүүн Н.Энхболд хоршооллын үйл ажиллагаанд төрийн дэмжлэг хамгаас чухал байгааг тэмдэглэж байв. Тэрбээр “УИХ-аас хоршоодын талаар тодорхой шийдвэр гаргадаг. Тэрийг нь Засгийн газар хэрхэн хэрэгжүүлж, хоршоодыг яаж дэмжиж байгаа нь хөгжилд чухал үүрэгтэй. 2008-2012 онд хоршооллын хөдөлгөөн идэвхжсэн. Гэвч дараа дараагийн Засгийн газар энэ асуудлыг орхисноос эрч нь буурч, үйл ажиллагаа нь саарсан. Одоо төр засгаас бодлого, үйл ажиллагааг нь дэмжих шаардлагатай байна. Монголын Улсын хөгжилд ХАА-н салбар чухал үүрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг экспортлоход малчид, хоршоологчдыг оролцуулах хэрэгтэй” хэмээн хоршоологчдод төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгааг хэлсэн үгэндээ онцолж байв. Мөн тэрбээр хоршооны хуулийг хоёр удаа өргөн мэдүүлсэн ч буцаасан. Шантрахгүйгээр дахин өргөн мэдүүлнэ гэдгээ хоршоологчдод хэлж байв.

 

Монгол Улсын хэмжээнд 4200 гаруй хоршоо, 78 мянган гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний төлөөлөл болох 200 гаруй хоршоологч хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад хоршоодын оролцоог хэрхэн нэмэгдүүлэхийг хэлэлцэв. Тэд импортын бүтээгдэхүүнийг шүтэх биш дотоодын тэр дундаа хоршоологчдын хүч бололцоонд найдах хэрэгтэйг хэлж байна.


 

Засгийн газраас мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Энэ аянд хоршоологчид оролцох хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байв.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Мөнгөтэй болох арга http httpCash4Visits.comref.php?refId=345626 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-02-01