Нарантуул захын ажилтнуудад 2-3 жил ял оноов

Нарантуул худалдааны төвийн даавуу, бөс бараа худалдаалах хэсэгт өнгөрсөн оны гуравдугаар сарын 03-ны өдөр гал гарч, лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан. Уг хэрэгт Нарантуул захын инженер, харуул хамгаалалтын ажилтнуудыг татан, Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан.
Тэгвэл Амгаланбаатар нарын долоон хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн мягмар гаригт хянан хэлэлцжээ.
Нарантуул захын инженер болон эрх бүхий бусад албан тушаалтныг галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлээгүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд хууль тогтоомж зөрчсөн, харуул хамгаалалтын ажилтнууд бусдын эд хөрөнгө хамгаалах үүрэгтээ хайнга хандсанаас онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцон Амгаланбаатар нарт 2-3 жил хорих оноож ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн харгалзахаар болжээ.
Түрээслэгчдэд учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулах шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ