Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ

Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг нэмэхгүй барих үүднээс онцгой албан татварыг хоёр ч удаа бууруулсан. Гэвч шатахуун импортлогчид жижиглэн борлуулалтынхаа үнийг нэмлээ. Өнөөдрийн байдлаар Магнай трейд, Петровис, Шунхлай компаниуд АИ 92 шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмээд байна. Ингэснээр шатахууны үнэ 1630 төгрөг болов. Мөн хөдөө орон нутагт ч шатахууны үнэ литр тутамдаа нэмэгджээ. Тухайлбал, Ховд аймагт 100-150 төгрөгөөр нэмэгджээ.
Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгосон. Үүний дараа өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт дахин тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулсан. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгосон юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ