Төрийн думын гишүүд Сирид очжээ
2017-02-07

 

ОХУ-ын Төрийн думын хэсэг гишүүн иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сири улсын нөхцөл байдалтай танилцахаар өчигдөр эх орноосоо хөөрсөн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Төрийн думын гишүүд зорьсон газраа аюулгүй хүрсэн талаар албаныхан уламжлав.

 

Төрийн Дум буюу парламентын доод танхимын Батлан хамгаалах асуудлын хорооны гишүүн Дмитрий Саблин, Холбооны Коммунист намын фракцийн гишүүн Александр Ющенко, Сергей Гаврилов нар Сирид очжээ. Мөн олон тооны хавдрын эмч нар уг багт багтжээ.

 

Саблин тэргүүтэй эрхмүүд Сирийн нийслэл Дамаск хотноо очиж, албаныханд зөвлөгөө өгөх гэнэ. Мөн Москвагаас ирсэн эмч нар бүслэлтэд байсан иргэдийг үзэхээр болжээ.

 

Мөн тэд Төрийн Думын гишүүд Сирийн парламентын дарга Хадией халаф Аббас, Ерөнхий сайд Имад Хомис болон Сири дэх ОХУ-ын элчин сайд Александр Кинщак нартай уулзахаар болсон байна.

 

Сирид дэгдээд буй иргэний дайны улмаас 300 мянган хүн амиа алдаж, 4.5 сая иргэн эх орноосоо дүрвэжээ. Тус улсын нийт газар нутгийн 20 хувийг исламын улс бүлэглэл хяналтадаа авчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин