Эрүүл мэндээрээ тэнцэхгүй бол албан тушаал бууруулна
2017-02-07

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслөөр цагдаагийн дээд цолтой албан хаагчдын дүрэмт хувцасны төсвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад албан хаагчдын дүрэмт хувцасны төсвийг Засгийн газар батлах саналыг гишүүдийн 70 хувийн саналаар дэмжив.

 

Хүүхэд өөрийн асран хамгаалагчийн хүчирхийлэлд өртсөн бол амь насыг нь аврах арга хэмжээг авна гэсэн горимын саналыг мөн байнгын хорооны гишүүдийн 75 хувиар дэмжлээ. Албан тушаалдаа тэнцэхгүй тухай эрүүл мэндийн дүгнэлт гарсан тохиолдолд албан тушаалыг нь бууруулах заалт уг хуульд орсон байлаа. Гишүүн Б.Пүрэвдорж “Цагдаагийн албан хаагчид хүнд нөхцөлд ажилладаг. Албан үүргээ гүйцэтгэж явахдаа эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд албан тушаалаас нь бууруулж болохгүй. Тиймээс энэ заалтыг хасах саналтай байна гэлээ.  Үүнтэй ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр санал нэг байгаагаа хэллээ. Уг санал байнгын хорооны гишүүдийн 3/2-оор дэмжигдэх дэгтэй байв.  Санал хураалт явуулахад  байнгын хорооны гишүүд уг саналыг дэмжсэнгүй. 

 

Ингээд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин