Хотын дарга иргэдтэй уулзлаа
2017-2-7

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтаа өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хийв. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнчулуун болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ган-Өлзий эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа хүн аж. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж яваад бэртсэн байна. Улмаар нийслэлийн Засаг даргаар дамжуулан гадаадад сайн дурын, үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг эмнэлэгт эмчлүүлжээ. Одоо биеийн байдал сайжирсан тул талархсан сэтгэлээ илэрхийлэхээр энэ удаагийн уулзалтад ирсэн байна.

 

Монголын донорын холбооны ерөнхийлөгч, хүндэт донор М.Сосорбарам, хүндэт донор н.Отгон нар энэ өдрийн уулзалтад ирсэн байв. Тэд Монголын донорын холбоо хэрхэн яаж үйл ажиллагаагаа явуулдаг талаар нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм. Мөн донорын холбооны үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлэн сайжруулах, шаардлагатай тохиолдолд донорын холбооны төсөл хөтөлбөрүүдийг хотоос дэмжиж санхүүжилтээр туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм.

 

Тэдний тавьсан хүсэлтийг төр засаг хийгээд нийслэлээс зайлшгүй анхаарах ёстой гэдгийг Засаг дарга С.Батболд хэлээд “Та бүхэн НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулаад хэрхэн яаж ажиллахаа тохиролцох хэрэгтэй. Зөвхөн санхүүжилт гэлтгүй зар сурталчилгаа хийх, залуучуудын идэвхийг сайжруулах, төр захиргааны байгууллагуудыг хамруулах зэргээр энэ онд хамтран ажиллах нь зүйтэй” хэмээлээ.

 

Энэ өдрийн уулзалтад ирсэн Г.Эрдэнэбаатар цахилгааны хэмнэлттэй усан халаагуурын төхөөрөмжөө хотын дарга болон холбогдох албаны хүмүүст танилцууллаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зориулж  эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуураар айл өрхийг хангах ажлыг хэрэгжүүлэхийн тулд өөрсдийнх нь төслийг хууль эрх зүйн хүрээнд дэмжүүлэх зорилготой гэдгээ тэрбээр танилцуулгынхаа үеэр хэлж байлаа.

 

“Төр захиргааны байгууллагуудын гол туслах зүйл бол иргэдэд таниулах, хүргэх, сурталчлан дэмжих явдал юм. Энэ зундаа багтааж халаалт, дулаалгын чилэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид уулзаж тодорхой шийдэлд хүрэх зорилготой байгаа. Та бүхэнд боломж бий. Тиймээс технологио сайжруулаад нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газартай хамтраад уулзалт семинар зэрэгт идэвх санаачлагатайгаар оролцох хэрэгтэй” гэдгийг Засаг дарга С.Батболд хэлж байсан юм.

 

“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын тэргүүн Л.Бат-Өлзий “Эко-парк төсөл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжих ААН-үүдтэй гэрээ байгуулсан тухайгаа Засаг даргад танилцуулсан юм.

 

2002 онд өмч хувьчлалаар Чингэлтэй дүүргийн 150 ортой эмнэлгийн барилгыг худалдан авсан иргэн З.Батбаатар мөн уулзалтад ирсэн байлаа. Тэрбээр 2002 оноос хойш газрын асуудлаа шийдүүлж чадаагүй төрийн албаны хүнд албаны хүнд сурталтай тулгараад байгаагаа энэ үеэр хэллээ. “Үе үеийн нийслэлийн Засаг дарга нартай уулзах хүсэлт гаргаж байсан. Гэвч нэг нь ч хүлээж аваагүй. Өнөөдөр та хүлээн авч уулзаж байгаад баяртай байна” хэмээгээд асуудлыг нь шийдэж өгөхийг хүсэв. Түүний хүсэлтэд хотын дарга “Асуудлыг албаны хүмүүсээр судлуулж, хууль тогтоомжийн хүрээнд шийдэх тал дээр анхаарах болно” гэлээ.

 

Баянгол дүүргийн I хорооны иргэн Г.Нямдаржаа ““Богд ар” хороололд сургууль, цэцэрлэг одоо хүртэл баригдахгүй байгаа ч зөвшөөрөлгүй барилга баригдах гэж байна” хэмээн хэллээ. Үүний хариуд нийслэлийн Засаг дарга С.Батболд “Миний бие орон сууцны хороолол дунд дахин барилга бариулахгүй гэсэн захирамж гаргасан. Орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэгээс өөр зориулалтаар барилга бариулахгүй гэдгийг хэлмээр байна” гээд “Энэ асуудлыг нэг тийшээ болгож зөвхөн зориулалтын барилгыг бариулах ёстой” гэдгийг холбогдох албаныханд хандаж хэллээ.

 

Энэ удаагийн уулзалтад Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан жил гаруйн хугацаанд хохироод байгаа 85 айлыг төлөөлж иргэн Л.Алтанцэцэг ирээд байсан юм. Тэрбээр “Анх “Их өргөө” компани гэрээ хийж айл өрхүүдийг нүүлгэсэн боловч одоо болтол ямар ч барилгын ажил эхлүүлээгүй байгаа. Газраа чөлөөлсөн айлууд өнөөдөр хүнд нөхцөлд амьдарч байна” хэмээв. Уг асуудлыг анхааралдаа авч, 85 айлын асуудлыг яаралтай шийдэх болно гэдгээ нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлээд “Их өргөө компанийн удирдлагуудтай өөрийн биеэр уулзаж цаашид уг компаниар барилгын ажлыг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх болно” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 
 
Shuud.mn
Сонин хачин
Хотын даргаа:
Ажил хийгээсэй гээд л хүлээгээд л байна. Одоо эхлэх болоогүй л юм байхдаа. Нийтийн тээвэр чинь дампуурлаа. Хотыхон чинь бүгдээрээ хөнгөлттэй зорчдог болсон байна. Яахын арга үгүй нэг нь 200 төгрөг чулуудчихаад яваад өгөх юм. АВтобусны жолооч нар нь болж л өгвөл хариулж өгөөд хувьдаа авчих юм. Энэ бол зүгээр л шийдье гэж бодвол шийдчих ажил. Заавал картаар зорч ингээ л болоо.
2017-02-08
bold:
yum hiij bgaa hiih gd bgaa .huurhiig bitii har ugeer vutaarai daa
2017-02-07