Хоногийн нөхцөл байдлын мэдээ
2017-02-09

 

2017 оны 02 дугаар сарын 08-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, мөргөлдсөн 10, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 /үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2, сургуулийн насны 1 хүүхэд/ осол бүртгэгдсэн.  

 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

 

Тухайлбал:

 

  1. БЗД-ийн нутаг Амгалан захын урд замд Nissan Sunny автомашины жолооч Б нь амины T.Landcruiser маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Э, М нарын 4 хүн гэмтсэн.
  2. БГД-ийн нутаг Барс захын хойд замд Sonata-6 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Ц-г мөргөж гэмтээсэн.

 

Явган зорчигч нь замын хөдөлгөөнд оролцогчдын дундаас хамгийн эмзэг нь байдаг. 2016 онд нийт гарсан зам тээврийн ослын  2,6 хувь нь явган зорчигчийн буруугаас үйлдэгдсэн байна.

 

Явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, орчин үеийн замын хөдөлгөөнд дасан зохицох байдал, анхаар болгоомжтой байдал зэрэг нь аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Зам тээврийн ослын шалтгаан, нөхцлөөс харахад ихэнх осол явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөнөөс үүдэлтэй байдаг.

 

  • Ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гарах
  • Явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах
  • Замын хажуугийн явган хүний зам, хөвөө байсаар атал зорчих хэсэг дээгүүр явах
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох гэх мэт.

 

Энэ төрлийн осолд өртөгсдийн ихэнх нь зам хөндлөн гүйсэн байдаг. Энэ нь явган зорчигчийг түргэн зогсох, замын нөхцөл байдлыг үнэлэх боломжийг бууруулсантай холбоотой юм. Мөн харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал их байдаг. Тэгвэл харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 м, цагаан зүйлийг 30-40 м зайнаас л олж хардаг гэж судлаачид тогтоосон. 60 км/ц хурдтай явж байгаа автомашины бүрэн зогсолтын зам нь 30 орчим метр байдаг.

 

ЗАМ БОЛ ТАЙЗ БИШ, ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООРОЙ

Shuud.mn
Сонин хачин