УДЭТ-ын уран бүтээлчид Багахангай дүүрэгт тоглоно
2017-02-09

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид  “Хот орчим”-ын аялан тоглолтыг зохион байгуулах гэж байна. Хот орчмын аялан тоглолтыг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын ордонтой хамтран гуравдугаар сарын 13-ний өдөр 1, 2-р хорооны соёлын ордонд зохион байгуулах ажээ.

 

“Хот орчим”-ын аялан тоглолтын хөтөлбөрт насанд хүрэгчдэд зориулан Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драм, хүүхэд багачууддаа зориулан Т.Габбе “Үнсгэлжин” жүжгүүдээ 70% хүртэлх хөнгөлөлттэй үнээр толилуулах юм байна. Мөн уран бүтээлчид болон үзэгчдийн "Тоглолтын дараа" уулзалт ярилцлагыг зохион байгуулах ажээ.

 

“Бүүвэй” жүжгийн найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор СГЗ Л.Балхжав ажилласан. Гол дүрүүдэд МУАЖ С.Сарантуяа, СТА Г.Амгаланбаатар, СТА Б.Одончимэг, СТА Ц.Цэрэнболд , Г.Дөлгөөн-Аюуш нар тоглоно.

 

Тухайн жүжигт хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх боловч хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэн, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрлээр даван туулж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ.

 

Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн жүжгийн найруулагч СТА Ч.Түвшин, зураач Г.Ариунболд ажилласан. Дүрүүдэд Г.Номуун Б.Золжаргал СТА Б.Одончимэг Б.Одгэрэл, Н.Баярмаа Г.Дөлгөөн-Аюуш МУГЖ Ж.Оюундарь  нар тоглоно.

 

Эл хүүхдийн жүжигт хайрт эцгээсээ өнчирч хоцорсон Үнсгэлжин охин хойд, хоёр эгчийн харцаар хөдөлж үрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй хог шороо цэвэрлэж, хоол унд хийнэ. Гэтэл нэг өдөр хааны зарлигаар хунтайжийн сүйт бүсгүйг тодруулах хөлгүй их найр цэнгэлийн зарлиг гарч хотын бүх залуу бүсгүйчүүдийг орны бүжигт урьсан зар түгэв. Хойд эх хоёр охиноо дагуулан энэ цэнгүүнд явсан хойгуур Үнсгэлжин охиныд сайхан сэтгэлд шидэт дагина ирж шөнө дундын 12 цаг хүртэл ордны бүжигт явах азтай завшааныг охинд бэлэглэв. Ингээд Үнсгэлжин охин шидэт дагины тусламжтайгаар үгээр хэлшгүй үзэсгэлэнт охин болж хувираад ордон руу явна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин