Хар тамхины хэрэгт холбогдсон хүүхдийн тоо өсчээ
2017-02-09

 

Сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэх, худалдан борлуулах гэмт  хэрэг ихсэх хандлагатай байна. Цагдаагийн алба хаагчид нэгдүгээр сарын 25-нд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ.

 

2006 оноос хойш  гадаадын улс оронд манай улсын 117 хүн хар тамхи мансууруулах бодистой холбоотой  гэмт хэрэгт  холбогдон шалгагдсан байна. Үүнээс  тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгджээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 19-25 насны залуучууд зонхилох хувийг  эзэлж, сүүлийн гурван жилийн байдлаар  хэрэгт холбогдсон 0-18 насны буюу насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 24,2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас насны холбогдогч 3,6 дахин өсчээ.

 

Гэмт хэрэгт холбогдогчын 40,9 хувь нь эрхэлсэн ажилгүй, 76,3 хувь 18-35 насны залуучууд байна. Ажилгүй гэдэгт нь ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй, амжиргааны баталгаажих  түвшинээс доогуур орлоготой иргэд бус харин амьдрал,  мөнгөний эх үүсвэр нь хувийн бизнес  эсвэл эцэг, эхийн мөнгө, хөрөнгөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авдаг  этгээдүүд дийлэнхи байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгч 18-35  насны залуучууд,  найз нөхдийн  харилцаа холбоогоор  дамжуулан  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авдаг  байна.

 

Энэ талаар хэвтэн эмчлүүлэгч нэгэн эмэгтэй “Найз нөхөдтэйгээ доргиж яваад л хэрэглэж эхэлсэн. Анхлан саваагүйтээд дуртай болсон ч 4-5 жилийн хугацаанд зуршил болчихсон. Өнөөдөр би найз залуутай ч болж чадахгүй, муу зуршилтай болохоор ээж болох  боломжгүйд хүрээд байна” хэмээн ярив. Мөн эмчлүүлэгч нэгэн эрэгтэй “Тухайн үедээ найз нөхөдтэйгээ гоё сайхан байдаг ч эцсийн мөчид ганцаараа л үлдсэн байдаг. Аливаа зүйлээс эрүүл саруул ухаанаар таашаал авна гэдэг л хамгийн сайхан байдаг юм байна” хэмээн ярив.

 

Хар тамхины хэргээр хоригдсон хүүгийн ээж “Манай хүү их сургуулийн дөрөвдүгээр курст сурдаг. 25 настай. Аавынхаа унааг хоёр өдрийн хугацаатай авч яваад л  хар тамхины хэрэгт холбогдсон байна. Үр хүүхдийнхээ араас үргэлж анхаарал тавьж байхгүй бол хар тамхины хэрэг маш их болжээ. Би хүүхдээ 90 хоног хориулсан. Маш хэцүү байсан. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхэддээ үргэлж анхаарал тавьж байх шаардлагатай байна” хэмээсэн юм.

 

Хар тамхины хор уршгийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн  их эмч  Ө.Анхболд “Хар тамхи нь хүний биед байгаа бүх эрч хүч, энергийн нөөцийг богино хугацаанд барж, бүр эрхтнийг гүнзгий хордуула ахин сэргэхгүйгээр үхжилт үүсдэг” хэмээн тайлбарлалаа.

 

2010 он хүртэлх хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамалын төрлийн бодисыг олж авах, хадгалах борлуулах, илгээх гэмт хэрэг эзэлж байсан бол 2011 оноос химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөт бодис болох амфетамин, метамфетамин агуулсан мөс буюу ICE  гэх нэршилтэй бодисын хэрэглээ нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг хамарч, энэ төрлийн гэмт хэргийн гаралт,  холбогдогчдын тоо  тогтмол өсч, нас залуужиж байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

 

Г.Тэгшсүрэн

...
Shuud.mn
Сонин хачин