М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ
2017-02-13

 

Францын Парис хотын Берси центрт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны Их дуулга тэмцээн энэ сарын 11-нд эхэлсэн. Уг тэмцээнд манай улсын 13 жүдоч зодоглож байна.

 

Тэмцээний эхний өдөр манай 9 бөх барилдсан. Тэмцээний 48 кг-ын жинд барилдсан, 2013 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 48 кг-ын жингийн тамирчдыг тэргүүлэн барилдсан бөгөөд БНСУ, Франц, Испани улсын бөхийг дараалан ялж аваргын төлөө шалгарсан.  Аваргын төлөө БНСУ-ын Жон Бу Гёнтой барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялагдлаа.

 

Ингэснээр М.Уранцэцэг Парисын "Их дуулга"-аас зургаа дахь медалиа зүүлээ. Тэрбээр "Парисын их дуулга" тэмцээнээс өмнө нь 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байсан. Энэ удаад мөнгөн медаль зүүлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин