Ким Чен Ун ахыгаа хөнөөх тушаал өгсөн үү

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн ууган хүү бусдын гарт амиа алджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хувийн амьдралтай холбоотой мэдээлэл хэвлэл, цахим ертөнцийг донсолгож байна. Учир нь Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам гэгч бусдын гарт харамсалтайгаар амиа алджээ.
Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Нам өчигдөр Малайзын Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдсон аж. Аавынхаа үзэл бодолтой зөрчилдөн улмаар гадаадын орнуудаар хэрэн хэсэх болсон Ким Чен Намыг хэн хөнөөв, уг аллагыг хэн захиалав гэх асуудал олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй. Олон жил тэрээр Макаод амьдарсан юм.Макао улс руу буцахаар нисэх буудалд ирэх үедээ тэрээр гэнэт ухаан алдаж унасан байна. Түүнийг нисэхийн ажилчид яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн боловч Ким Чен Нам замдаа нас барсан болохыг Куала Лампурын Цагдаагийн газраас баталж, уг хэргийг шалгаж эхэлсэн гэдгээ мэдэгдэв. Түүнийг нисэх буудалд байхад нь хоёр эмэгтэй хортой зүүгээр хатгаж, амийг хөнөөсөн гэх мэдээллийг Малайз болон өмнөдийн хэвлэлүүд гаргаж байна. Гэхдээ мэдээллийг албаныхан батлаагүй байна.
“Амиа алдсан эр үнэхээр Ким Чен Нам байсан уу?” гэх мэдээллийг Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчид баталж “Ямар ч эргэлзээгүй. Ким Чен Уны эцэг нэгт ах амиа алдсан” гэж мэдээлжээ. Ким Чен Намын аминд хүрсэн эмэгтэйчүүд Хойд Солонгосын тусгай тагнуулын ажилчид байсан гэнэ. Цагдаагийнхан нисэхийн хяналтын камер бүрийг нэг бүрчлэн шалгаж, сэжигтнүүдийг хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Түүний цогцсыг Путражая хотын эмнэлгийн Задлан шинжилгээний хэсэгт хүргэжээ. Мөн цагдаагийнхан эмнэлэг рүү орох бүх замыг хаасан байна. Куала Лампурын Цагдаагийн газар иргэдийн төөрөгдлийг арилгахын тулд “Нисэх буудалд амиа алдсан хүн Хойд Солонгосын иргэн. Түүнийг Ким Чен Нам гэдэг. 45 настай” гэсэн мэдээлэл хийж “Хэргийг шалгаж байна. Задлан шинжилгээний албан ёсны дүн гарсны дараа мэдээлэл хийнэ” гэж мэдэгджээ.
Селангор мужийн Цагдаагийн газрын дарга Абу Самах Мат хэвлэлийнхэд “Ким Чен Намын биед шингэн зүйл цацсаны дараа тэрээр ухаан алдсан. Улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан” гэж хэлэв.“Аавынхаа итгэлийг алдсан хүү” хэмээн ард түмэндээ нэрлэгддэг Ким Чен Нам нэгэн цагт Хойд Солонгосын дараагийн удирдагчаар нэрлэгдэж байсан юм. Тэрээр дүү Ким Чен Унаас илүү олон жил төрийн эрдэмд суралцсан билээ. Ким Чен Нам 2001 оны гуравдугаар сард Японы Диснейлэндэд очиж тоглохын тулд хуурамч паспорт ашиглан хилээр гарахыг завджээ. Түүнийг хилийнхэн баривчилсан гэдэг.Уг үйл явдлын дараа Ким Чен Ир хүүгээ олон сар гэрийн хорионд байлгажээ. Гэхдээ тэрээр аавынхаа шийтгэлээс зугтааж, Хятад руу дүрвэжээ. Эцэг нь хүүдээ урам хугарч, эрх мэдлээ дараагийн хүү болох Ким Чен Унд шилжүүлэхээр болжээ. Ким Чен Намын ээж нь 1960-1970 онд Солонгосын хамгийн алдартай жүжигчин байсанСун Хе Ри аж. Тэрээр удирдагчийн гэргий биш бөгөөд зөвхөн нууц амраг гэгддэг байжээ.
2011 онд Ким Чен Ир таалал төгсч, түүний залгамж халааг түүний бага хүү Ким Чен Ун авсан билээ.Тэрбээр Хойд Солонгосыг харийн дайснаас хамгаалахын тулд цөмийн зэвсэглэлээ улам хүчирхэгжүүлж буй юм.Ким Чен Ун улс оронд нь үүсээд буй өлсгөлөн, ажилгүйдэлд улсын мөнгөө зарцуулахын оронд цөмийн зэвсэгт хэтэрхий их мөнгийг зарж буйг нь олон улс шүүмжилдэг билээ.
Ким Чен Намөнгөрсөн 2014 оны эхээр Японы нэгэн сэтгүүлчид цахимаар ярилцлага өгсөн юм. Тэрээр дүүгийнхээ явуулж буй улстөрийн бодлогыг шүүмжилж “Түүний явуулж бодлого хэтэрхий буруу. Тэр зөвхөн дайсныхаа тоог нэмж байна. Энэ улсад дайсан бус эрүүл ард түмэн хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм.Уг мэдэгдлийн дараа ах, дүүгийн харилцаа муудаж, өнгөрсөн хугацаанд хойдын цагдаагийнхан Ким Чен Намыг баривчлах гэж оролдсон удаатай.
Албаны эх сурвалж “2011 оны хоёрдугаар сард хойдын нэгэн тусгай ажилтан Ким Чен Намыг хөнөөхийг завдаж байсан. Энэ үеэр түүний хоёр бие хамгаалагч буудуулсан” хэмээн ярьжээ. Уг хэргээс жилийн дараа түүнийг хөнөөхийг завджээ. Түүний машиныг мөргөж, гэмтээсэн гэнэ. Ким Чен Нам Хятадад байх нь хэтэрхий аюултай болсон тул тэрээр Сингапур, Малайз, Францад амьдарч, сардаа 2-3 удаа байршлаа өөрчилдөг байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ