Өнөө ч дуусаагүй Крымийн асуудал

“Крымийн хойгийг жинхэнэ эзэд нь эргүүлэн өгөх болно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Энэ талаар “CNN”агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.
Украины автономит муж байсан Крымийн хойгийн иргэд өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард ОХУ-ын эх газарт нэгдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал зохион байгуулсан юм. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 98 хувь нь Оростой нэгдэхийг дэмжсэн билээ. Крымийн ард түмний сонголтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч, тус бүс нутагт айлчилжээ. Крымийн хойгийн асуудлаас болж ОХУ, Украин таагүй харилцаатай болж, өнөөг хүртэл дайсагнасан харилцаатай байгаа юм. Украинчууд өнгөрсөн 2013 оны долоодугаар сард Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас түлхэн унагаахаар Майданы хувьсгал зохион байгуулсан түүхтэй.
Янукович эцсээ хүртэл огцрохгүй гэдгээ илэрхийлж байсан ч эцсийн мөчид эх орноосоо зугтаасан билээ. Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар ОХУ-ын Сочи хотноо амьдарч байна. Ерөнхийлөгч эх орноосоо явсаны дараахан Украины зүүн хязгаарт Оросын талыг баримтлагчид гэх хэсэг залуус эмх замбараагүй байдал үүсгэж, Донецк, Луганск мужид хяналтаа тогтоож, Бүгд Найрамдах улс байгуулсан юм. Украинчуудын шинэ итгэл найдвар болсон “Шоколадын хаан” гэгдэх Петр Порошенко Ерөнхийлөгч болж, Оростой харилцаагаа тасалж, АНУ-ыг гол хамтрагчаараа сонгосон билээ. Украинд үргэлжиж буй хямралын улмаас ойролцоогоор 3500 орчим хүн амиа алдаад байна.
АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын эзлэн түрэмгийлэх бодлогыг хүчтэй эсэргүүцэн, тус улсын эсрэг хатуу хориг хэмжээ авсан юм. Тэрбээр Крымийн хойгийг украинчуудад эргүүлэн өгөхөө удаа дараа амлаж байсан ч ажлаа гүйцээж чадалгүй дараагийн хүндээ эрх мэдлээ шилжүүлэн өгсөн. Нэг хэсэг дэлхий Украины дотоодын хямралаар амьсгалж байсан гэхэд болно. Учир нь тус улсад өрнөж буй бүхий л үйл явдал хэвлэлүүдийн анхаарлыг татаж байсантай шууд холбоотой. Гэхдээ цаг хугацаа явахын эрхээр Украин олон улсын анхаарлыг татахаа больсон юм. Тэгвэл АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трампийн ачаар Украин улс мартагдах шахсан түүх байхаа больсон гэхэд болно.
Саяхан Ерөнхийлөгч Трамп ОХУ-д алдаад буй Крымийн хойгийг жинхэнэ эзэд болох украинчуудад эргүүлэн өгөхөө амласантай холбоотой. Трамп “Украины дотоодын хямралыг намжаахыг АНУ зорих болно. Хамгийн том алхам бол Крымийн хойгийг украинчуудад эргүүлэн өгөх. ОХУ, Крымийг буцааж өгөхийг хүлээж байна” хэмээн мэдэгджээ. Мөн Цагаан ордны албан ёсны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер энэ сарын 14-нд “Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын эсрэг хатуу бодлого баримталж байна. Крым жинхэнэ эзэддээ очсон цагт хоёр улсын дунд яриа хэлэлцээр албан ёсоор өрнөх болно. Ерөнхийлөгч Крымийг булаан эзэлсэн асуудалтай холбоотойгоор өмнөх Засгийн газрын гаргасан асуудлыг судалж байгаа. Тэрбээр ОХУ-ын буулт хийж, Крымийг эргүүлэн өгөхийг хүлээж байна” гэж мэдэгдэв. Трамп тийм ч амархан Оростой нөхөрлөх бодолгүй байгааг түүний төлөөлөгч онцоллоо.
Крымийн хойг албан ёсоор Укрианд очсон цагт л олон улсын хүлээж буй АНУ, ОХУ-ын нөхөрлөлийг харах аж. Обамагийн хийж чадаагүй ажлыг Трамп хийх эсэхийг олон улс харах л үлдлээ. Трамп өчигдөр твиттер хуудастаа “Обамагийн засаг захиргааны үед ОХУ, Крымийг өөрийн болгожээ. Цагаан ордны тэргүүн твиттер хуудастаа “Обама ОХУ-д хэтэрхий зөөлөн ханджээ” хэмээн жиргэжээ. Уг жиргээний дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова сэтгүүлчдэд “Крым бол ОХУ-ын газар нутгийн нэг хэсэг юм” гэж хэлсэн байна. “Обама, Орост хэтэрхий зөөлөн загнасан уу” гэх Трампийг мэдэгдлийг Бүгд найрамдах сенатор Жон Маккейн буруутгаж “Ерөнхийлөгч Барак Обама “хэт зөөлөн” байгаагүй. Тэрбээр Украины Засгийн газарт туслалцаа үзүүлж, ОХУ-ын эсрэг шаардлагатай хориг хэмжээг шат дараатай авсан болно” гэв.
Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Миний гол зорилго бол Украинд үүсээд буй хямралыг намжаах. Мөн тус улсад газар нутгийг нь эргүүлэн авч өгөх” хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа “Крымийн асуудлаас болж Европын холбоо болон АНУ, ОХУ-тай таарамжгүй харилцаатай болсон. ОХУ эзлэн түрэмгийлсэн газар нутгаа жинхэнэ эзэд нь өгвөл өнөөдөр үүсээд буй бүх таагүй харилцаа дуусгавар болно” гэжээ. “Хэдий Орос, Крымийг эх газартаа нэгтгэсэн ч тус бүс нутаг руу цэргээ илгээгүй. Орос өнгөрсөн хугацаанд ганц ч удаа эзлэн түрэмгийлэх бодлого явуулаагүй” хэмээн Трамп мэдэгдлийнхээ үеэр онцлов. Ерөнхийлөгч Трамп одоогоор ОХУ-тай харилцах харилцаа, тус улсын эсрэг явуулах бодлогынхоо талаар олон нийтэд дэлгээгүй байна.
Тэрбээр энэ долоо хоногт ОХУ-ын удирдлагуудад буруу дохио өгсөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн зөвлөх Майкл Флиннийг албан тушаалаас нь огцруулсан билээ. Флинн Ерөнхийлөгчийнхөө зөвшөөрөлгүй ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай уулзсан байна. Уг уулзалтын үеэр Флинн, Элчин сайдад АНУ тун удахгүй ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлахаар болсон” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ