Өвлийн спортын наадамд оролцох тамирчдыг үдлээ
2017-02-16

Гэрэл зургийг mpa.mn

 

Японы Саппоро хотноо Азийн өвлийн спортын наадам энэ сарын 19-26-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

 

Энэ онд найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр /2017.02.15/ Монголын Үндэсний олимпын хорооны хурлын танхимд боллоо. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.

 

Тус наадамд цана, тэшүүр, биатлон, хоккей, кёрлинг гэсэн спортын 11 төрөл зайд шар тивийн 45 орны баг тамирчид 64 багц медалийн төлөө өрсөлдөнө. “Саппоро-2017” Азийн наадамд манай баг тамирчдын хувьд гүйлтийн тэшүүр, шорт трек, уулын цана, биатлон, хоккейн төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 42 тамирчин хурд, хүчээ сорих юм.

 

БСШУСЯ, Биеийн тамир, спортын газраас тус наадамд баг, тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулахад онцгой анхаарч, тамирчдын замын зардал, хувцас хэрэглэлд зориулан 172 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн, багийн бүрэлдэхүүний хувцсыг үндэсний үйлдвэрлэгчдээрээ захиалан хийлгүүлжээ.

 

Тус наадмын Монголын шигшээ багийн тугчаар биатлоны төрөлд өрсөлдөх Э.Бархүүг томилов. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө биатлоны Европын АШТ-д амжилттай оролцоод ирсэн билээ.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин