Мал тарган, малчин түмэн өнтэй өвөлжиж байна
2017-02-23

 

Нар руу харж найтаагаад л баймаар, ай даа хангай нутагт тун чиг намдуухан, дулаахан өвөл болж, мал тарган, малчин түмэн аятай өвөлжиж байна. Тээж явсан хүндхэн бодлоо тэнд л сэгсэрч орхиод, сэтгэлийн их амар амгаланг тэндээс л мэдэрч болохоор хөдөө нутаг үнэхээр л анир буйдхан юм. Орсон айл, уулзсан хүн бүр эчнээ таньдаг гэмээр дотно угтаж идээ, будаа болох нь, буцахад бүгд гэрийнхээ үүдэнд зогсоод гар даллах нь ижий дээ, аавдаа очоод буцах шиг танил санагдана. Архангай, Завхан аймгаас би ийм л сэтгэл дүүрэн буцсан юм.

 

Хүйтэн өвлөөр нүд алдам цагаан тал дундуур 900 орчим километр зам туулан хэрэг болгон давхиулсаар хамгийн эхэнд Архангай аймгийн Цахир суманд аяны дөрөө мулталлаа. Одоогоос 2 жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нэгэн занданшуулсан бие олдсон. Энэ нь одоогийн Архангай аймгийн Цахир суманд төрсөн аграмба Р.Санжайжавынх болохыг Түүхийн хүрээлэн, археологи, шүүх эмнэлэг, цагдаа болон шашны зүгээс гээд олон талын мэргэжилтнүүд багтсан шуурхай ажлын хэсэг тогтоосон билээ. Энэ нутгийн ард иргэд үүнд ихэд сүсэглэдэг нь илхэн нутгийн иргэд “Манай сум шүтээнтэй нутаг” гэж угтана.

 

Сумын Засаг даргын тамгын газрын дарга нь занданшуулсан биеийг нь ороосон хадагнаас хэд гурвыг хадгалчихсан. Нутгийн иргэд “Өгөөч” гэж их гуйна. Би өгдөггүй юм. Харин гадаадын аялагчид болон албаны хүмүүст бэлгэдэл болгон барьдаг гэнэ. Энэ нь эргээд нутаг орноо танилцуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, мөргөлчдийн урсгалыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно хэмээн сэтгэж, сумынхаа алс хэтийн хөгжилд санаа тавьж буйгаа дарга хэлэв.

 

 

“Цахир сумаас 9 хутагт хувилгаан төрсөн гэдэг. Эдгээр хутагтын гэрэлт хөшөө бүхий цогцолборыг уулын энгэрт байгуулж, уул өөд цахилгаан шат, засмал зам тавих ажил зохион байгуулахаар сумандаа “Увидасын шүтээн” гэх компани байгуулжээ. Дээрхи бүтээн байгуулалтад 400 орчим сая төгрөг төсөвлөөд байгаа аж. Үүгээр мөн л  буддын шашны мөргөлчдийн урсгалыг сумандаа татаж, Итгэлт хамба руу зорин очиж мөргөл үйлддэг хүмүүсийн урсгалыг нутагтаа татахыг зорьсон байна.

 

Аймаг, сум Улаанбаатар хотоос зайдуу байх тусам ард иргэд нь аж ахуй ч, сум орон нутгийн удирдлагууд нь үнэхээр л нутаг орноо хөгжүүлэх гэсэн чин хүсэл тээж явдаг юмдаг уу гэх бодол ЗДТГ-ын дарга С.Батсайхантай ярилцах үед төрж байлаа.

 

Социалист нийгмийн үед тус сумын ахмад малчин Сэрээнэнхорол цэвэр монгол хонийг баяд үүлдрийн хоньтой үржилд оруулж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үржүүлж байжээ. Гэвч энэ нь нэгдэл хувьчлагдах үед алдагдсан аж.

 

Одоогийн Цахир сумын ард иргэд үүнийг үргэлжлүүлж тодорхой хэмжээний мөнгөн хандиваар баяд хонийг үржүүлэхээр “Цөм сүрэг” төслийг сумандаа хоёр жил хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд 100 охин баяд төлөг худалдан авч, төлгөө тусад нь малладаг. Түүнд баяд хуцаа тавина. Үүнээс цэвэр баяд үүлдрийн хонь гаргаж авна. Баяд хонио зэргэлдээ оршиж буй сумдад  нийлүүлж төслийнхөө цар хүрээг өргөжүүлэх бодлого барьж ажиллаж байгаа ажээ.

 

Ямаагаа ч эрчмийн хар ямаагаар сайжруулна гэнэ.  Мөн эндхийн үхрийн чанар сайн ч цус ойртож үхэр жижигэрдэг учраас сум хөгжүүлэх сангийн төсөл бичиж буй хүмүүст санал тавьж Завхан аймгийн Отгон, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас цус сэлбэх байдлаар гунж, шүдлэн хязаалан, бух үхрийг авдаг аж.

 

Энэ мэтчилэн Цахир сумынхан  аялал жуулчлал хийгээд малын чанарыг сайжруулахад ихээхэн анхаардаг байна. Аяны дөрөө мулталсан эхний сумынхан бүтээлч, басч үгүй аж ахуй ч ард олон байлаа.

 

Том хайрханы энгэрт орших энэ буйдхан суурингаас цааш Завхан аймгийг зорилоо. Цахир суманд тэнгэр тогтуун, өвлийн элч муутай нар ээж нозооруулах нь таатай санагдаж байсан. Харин тус сумын хойд хөтлөөр хөндлөн давж нэлээд зам туулсан даруйд алдарт Солонготын даваа угтана. Тэнгэр тогтуун байсан ч зөвхөн энэ даваа орчимд үргэлж цас шуурч, зам харгуй цасанд боогдох нь элбэг. Том машинтай жолоочид хий эргээд зогсчихсон уяа оосор, гинж болоод л зогсож байна. Даваа орчимд нүдгүй шуурга шуурч байсан ч зүтгүүлсээр давсан даруйд тэнгэр буцаад л тогтуун болж эхэлнэ. Зөвхөн Солонгосын даваа орчимд л жил бүрийн өвөл ийн шуурдаг нь байгалийн бас нэгэн сонин үзэгдэл.

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэлийг монголын хамгийн хүйтэн цэг гэж олонтаа сонссон. Гэтэл нутгийн иргэдийн хэлж буйгаар тус аймгийн Цэцэн-Уул сум хамгийн хүйтэн цэг гэнэ. Уг суманд очвол энгэр ээвэр газар шаргалтан, нар тосож угтлаа. Хүйтэн цэгт ч өнөө жил дулаахан, намдуухан байлаа.

 

Архангай, Завхан аймгийн аль ч нутагт сарлаг үхэр элбэг таарна. Энэ аймгийн малчид монгол үхрээс илүүтэй сарлаг үхэр адгуулах нь олонтаа. Тус сумын малчин Ж.Баясгалан фирмийн монгол үхрийг “ямбайтай” гэж тодотгоно. Харин өөрийн хэдэн сарлагаа салхи сөрдөг зөрүүд мал ч гэсэн ээл, буянтай амьтан гэж хайрлах аж.

 

 

Энэ айл хоёр хүүхэдтэй. Нэг хүүгээ арваннэгдүгээр анги төгсгөөд сургуулиас нь гаргаж малчин болгожээ. Харин охин нь Улаанбаатар хотод “Их засаг” их сургуулийн хуулийн ангид суралцдаг гэнэ. Охин оюутны амралтаараа гэртээ хариад байхтай бид таарсан. Тэднийх тэр өдөр хэвийн боовоо хийсэн байлаа. Харин орой буузаа хийхээр махаа бэлтгэж байв. “Тэнгэр дулаан байгаа болохоор бууз хөлдөхгүй ээ” гэж гэрийн эзэгтэй халаглахад оюутан охин нь  “Зүгээрээ ээжээ наалдаад хөлдсөн ч бай би аваад явчихна” гээд гэмгүй инээх. Харин тэгтэл сургуулиас гарсан, үргэлж ижий аавтайгаа хамт байх дүү нь “Өлсгөлөн оюутан” гэж эгчийгээ шоглоно. Энэ гэрт ийм нэг яриа өрнөх үесэд гэрийн эзэгтэй гал өрдөн, тогоо тавьж, ирсэн зочдод  шар тос хайлуулж байхыг хараад сэтгэл гэгэлзэж суулаа.

 

Цагаан тосны булан эмтэлж сайн муугийн аль нэгийг дуулгасан хэрээнд өгөнгөө “Сайн хэл, сайн хэл үүр чинь том өндөг чинь цагаан болох болтугай” гээд шувуунд хүртэл сайныг ерөөн битүүхэндээ намайг л хүлээсээр сүүдэр нь жижгэрсэн ижий минь суугаа болохоор тэгтлээ гэгэлзсэн хэрэг.

 

Гэрийн эзэгтэйн хайлсан шар тос, таваглаад өмнө барихад өнгө нь өөрчлөгдөөд бов, бор болчихсон байх нь сонин. Багаханыг амсаад гэдрэг эргэвэл гэрийн эзэн тэднээс “Мэхээртэй тос ходоод гэдсэнд маш сайн даа. Сайн ид” хэмээн уриалгахан хэлэв. Мэхээр гэдэг нь нэгэн зүйл өвсөн ургамал гэнэ. Намар оройн цагт уг өвсийг хураан авч түүнийгээ шар тосондоо холин ийн бэлтгэдэг байна. Энэ нь ходоод гэдсэнд сайн хийгээд Завхан нутгийнхан хүндэт зочиндоо барьдаг нэгэн төрлийн зоог ажээ. Говь нутгийн надад энэ ихэд сонихон санагдаж билээ.

 

Малчны хотонд буухуйд “Сайхан даа” гэж сэтгэлийн тэндээс сэнхийтэл санаа алдаад, ай даа хөдөө нутаг даанч амгалан юм гэж хараа бэлчээмээр болж билээ.

 

 

Малчид сэтгэл тэнэгэр, мал ахуй тарган Арын сайхан хангай нутаг  болооод Завхан аймагт өнтэй сайхан өвөл болж байна. Хонь хотолсон бууцны тийм гэхийн тэмдэггүй  өвөрмөц үнэр, адуу малын зүс өтгөрсөн өнгө муутайхан өвөл хачин тансаг санагдах нь өнтэй өвлийн өнгийг илтгэнэ.

 

Аргалын утаанд бүжин дулаацаж намхан бор гэрийнх нь хаяанд зүйрмэглэж хонох нь малчин түмний сүү гэрэлтсэн сэтгэлийн их тайтгаралыг мэдрүүлэх нь даанч  сайхан юм.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Архангайн Цахирынхан тэр аялалын зориулалттай компаниа хувьцаат маягаар байгуулаад иргэдээ оролцуулбал ач холбогдол нь илүү. Нэг хувийн нөхөр аваад хурдан хөгжихгүй юм билээ.
2017-02-23
ЗОЧИН:
харин тиймээ , ийм юм мэдэхгйї хэцїї еэ
2017-02-23
зочин:
Сэтгүүлчүү сэтгэгчүү мал үйлдвэрлэдэг үйлдвэр хулганы хөеө шар тостой хольж идэж байсныг сонсоогүй л юм байна
2017-02-23
ЗОЧИН:
харин тиймээ , ийм юм мэдэхгйї хэцїї еэ