Эрчим хүчний салбар сар шинийн хэт ачаалалд бэлэн үү
2017-2-24

Эрчим хүчний сайд П.Ганхүү  дэд сайддаа цагаан сарын ачааллын үеэр салбар нь бэлэн эсэхийг шалгахыг үүрэг болгожээ. Дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийнхэн өчигдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц-IV” ТӨХК-иудын ажилтай танилцлаа.

 

 

 

Эхлээд орсон газар бол “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”. Монголчуудын 72 хувийг эрчим хүчээр хангадаг  энэ компанийнхан өнгөрсөн хугацаанд 4.7 тэрбум кВт/цаг эрчим хүч түгээжээ. Өнөө өвлийн хамгийн их ачаалал нь 994 МВт байж. Өмнө нь ийм өндөр ачаалал авсан жил тохиогоогүй гэнэ. Өнгөрсөн жил 960 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Агаарын бохирдол нийслэлчүүдээс гадна Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнийхний ч зовлон болсоор өнөөг хүрч. Утааны бүсэд байрладаг 12 дэд станцынх нь эд анги  авах юмгүй хөө тортог болдог аж.  Цагаан сарын өмнө цэвэрлэж зүлгэх гэж багагүй ажил ундардгийг салбарынхаа дэд сайдад танилцуулав.  Тас хар болсон эд ангийг цав цагаан болтол зүлгэдгийг компанийнхний сонирхуулсан бичлэгээс харлаа. Агаарын бохирдол шугамын дамжуулагч утсанд гэмтэл үүсгэдэг учраас арваад жилийн өмнөөс л арчиж зүлгэх нь эдний ажлын нэг хэсэг болчихож. Цахилгаан дамжуулах сүлжээний Хятадаас  импортолдог эрчим хүч тэрбум гаруй кВт цагаар тооцогдож байгаа нь Оюу толгойтой холбоотой гэнэ. Оюу толгой урд хөршөөс цахилгаан худалдаж авдаг болсноос хойш Хятадын цахилгааны экспорт ийм өндөр тоогоор бичигдэх болжээ.

 

 

 

 

Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүний дараа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн ажилтай танилцсан юм. Утааны оргил үед цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг тэглэсэн Засгийн газрын шийдвэр дажгүй хэрэгжсэн гэх мэдээллийг тэд өгч байв. Одоогоор 110 мянган орчим айл 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлээд байгаа юм байна. Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбоотойгоор компанийн хэмжээнд өндөрүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Шөнийн ачааллын цагаар шуурхай үйлчилгээний нэмэлт бригадууд ажиллаж эхэлжээ. Шөнийн цахилгааны хэрэглээ үнэгүй болсноос хойш гэр хорооллын хэрэглэгчдэд худалдсан цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний өсөлт түрүү жилийнхээс 14.6 хувиар өссөн байна. Сонирхуулж хэлэхэд тог тасралт өвөл биш борооны цагаар буюу долдугаар сард ихэсдэг аж.

 

 

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Танайх 350 гаруй мянган хэрэглэгчид цахилгаан түгээдэг. Монголын хүн амын тал хувийг цахилгаан эрчим хүчээр хангана гэдэг өндөр хариуцлага. Ямартай ч өвөлжилтийн гуравны хоёрыг амжилттай давна гэдэг сайн хэрэг. Гэхдээ мичин жил төгсгөлдөө хатуу байдаг гэдэг. Анхаарал, сэрэмж, болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Сар шинээр ард иргэдийн цахилгаан тасалдахгүй байх тал дээр онцгой анхаараарай” гэж сануулав. Хэрэглэгчдэд дуулгахад цахилгаантай холбоотой ямар ч асуудал, гомдлыг 70047004 дугаарт хүлээж авч байгаа юм билээ. Цахилгааны төлбөрийг ТҮЦ машинаар болон интернэтээр төлөх боломжийг бүрдүүлсэн гэх мэт иргэдэд хэрэгтэй ажлууд нэлээд хийгдэж байгаа гэсэн мэдээллийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-нийхэн өгсөн юм.

 

 

 

Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн удирдлага зун бүр хэрэглээний халуун усаар хязгаарладаг хугацааг эрс богиносгоно гэсэн таатай мэдээг салбарын дэд сайддаа өгөв. Тодруулж хэлбэл орон сууцанд амьдардаг иргэд долдугаар сарын 15 хүртэл халуун устайгаа байх нь. Хэрэглээний халуун усыг тавдугаар сарын 15-наас таслан дулааны шугам засварын үйлчилгээ хийдгийг цуцалжээ.  Төв шугамын засварын ажил долдугаар сарын 15-наас эхлэх юм байна.

 

Эрчим хүчний дэд сайд “Хэрэглээний усыг  богино хугацаагаар хаана гэдэг их зөв зарчим. Дулаан нээх, хаах хугацааг хэрэглэгчдийн саналыг сонсч шийдэхэд анхаарч байгаа нь талархууштай. Хэрэглэгч хаан гэсэн зарчмыг барьж ажиллаж буйд олзуурхаж байна” хэмээн онцолсон юм. “Улаанбаатар дулааны сүлжээ” өнгөрсөн онд станцуудаас 5.9 сая Гкал дулааны эрчим хүч худалдан авч хэрэглэгчдэд түгээжээ. Төлөвлөгөөгөө 103.5 хувиар биелүүлж, 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Нэмж хэлэхэд түрүү жил төвлөрсөн дулаан хангамжийн системд 196 барилгыг шинээр холбожээ.

 

 

 

 

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан ажлын хэсгийн сүүлд орсон газар бол “Дулааны станц-IV” ТӨХК. Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 гаруй хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг үйлдвэрлэдэг энэ станцын хувьд өнгөрсөн өвөл цахилгаан эрчим хүчний дээд ачаалал нь 680 МВт байж. Засгийн газраас нүүрсний уурхайнуудыг бодлогоор дэмжсэн учраас нүүрсээр дутахын зовлонгүй өвлийг давжээ. Станцынхан сар шинийн баярын өдрүүдэд төлөвлөгөө гаргаж, үндсэн тоноглолын бэлэн байдлыг ханган ажиллаж буйгаа салбарынхаа дэд сайдад дуулгасан юм. Цагаан сараар таван зуух, таван машин ажиллаж, хоёр зуух, хоёр машин бэлтгэлд байх нь. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Салбарынхаа дөрвөн байгууллагын ажилтай танилцлаа. Сар шинийн баяраар иргэд тайван амгалан шинэлэх нөхцөл бүрдсэн байна. Манай салбарт энэ жил багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. Гуравдугаар цахилгаан станцад 250 МВт-ын өргөтгөл хийнэ. Таван толгойн цахилгаан станцын ажил эхэлнэ. Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг хөдөлгөнө гэж бодож байгаа” хэмээн ярьсан юм. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
улс хөгжиж үйлдвэрүүд ажиллаж байсан бол цагаан сараар харин ч ачаалал буурах байлаа.Томоохон үйлдвэрүүдгүй болсон нь мэдэгдэж байна.Одоо тэгээд айлууд бууз жигнэхэд хэт ачаалал үүсэх юм уу даа хаашаа ч болцорсон улс гэхээрээ ийм байдаг байна даа
2017-02-24
Зочин:
Яг үнэн
зочин:
УБЦТС ХК-ИЙГ МЭРГЭЖЛИЙГ ХҮН УДИРДАХ ЁСТОЙ ГЭТЭЛ БОЛОВСОН ХҮЧИНИЙ ХОМСДОЛД ОРСОН ГЭНЭ МАН-ХАН
2017-02-24