Ц.Чулуунбат, С.Наран нар анх удаа хамтарч дууллаа
Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын өмнөхөн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, поп дива дуучин С.Наран нар “Алсад хүрэх зам” дууг хамтран дуулжээ. Тус дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, шүлгийг яруу найрагч У.Баярсайхан бичсэн байна.
Харин хөгжмийн найруулга “New star” студид хийгдэж, дүрс бичлэг хийгдсэнээр хэдхэн хоногийн дотор олон сонсогчийн таашаалд нийцээд буй. Иймд дээрх дуу хэрхэн бүтсэн талаар уран бүтээлчдээс нь тодруулсан юм.
Г.Пүрэвдорж: С.Нарангаар ямар ч байсан дуулуулна гэж бодсон байсан
/Хөгжмийн зохиолч/
-Яруу найрагч У.Баярсайхантай 2009 онд анх танилцаж байлаа. Тухайн үед энэ залуу төгсөх курсын оюутан хэрнээ уран бүтээлд их элэгтэй байгаа нь ажиглагдаж байв. Бидний анхны уран бүтээл болох “Миний мэдэх үзэсгэлэн” дууг тэр үед сонсогчид гайгүй сайхан хүлээж авч байсан. Тэр дууг дуучин Р.Амарбаясгалан, С.Нарантунгалаг нар дуулсан юм. Түүнээс хойш хэсэг завсарлаж байгаад шинэ жилийн өмнө уулзахдаа би түүнд дахин уран бүтээл хийх санал тавьсан. Ингээд бид ажилдаа орж, надад “Алсад хүрэх зам” нэртэй шүлэг авч ирсэн. Хэсэг хугацааны дараа ч би түүнд аялгуугаа сонсгож, хэнээр дуулуулахаа ярилцсан. Гэхдээ миний бодолд С.Наран ямар ч байсан хадгалаастай байсан л даа. Харин хамтарч дуулуулах уу, үгүй юу гэдгийг дараа нь ярилцаж байгаад шийдсэн.
У.Баярсайхан: Чадвартай, чансаатай, хийморьтой дуучидтай хамтарч ажилласандаа баяртай байна
/Яруу найрагч/
-Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж ах бид хоёрын санаа их сайхан нийлдэг. Нэг их уран бүтээл хамтарч хийгээгүй ч хэн хэнийхээ үгийг сайн сонсч, өөр хүмүүстэй ямар уран бүтээл хийх вэ гэж ярилцдаг. Энэ удаа Монголынхоо алдартай, чадвартай, чансаатай, хийморьтой дуучдаар дуугаа дуулуулсандаа баяртай байна. Г.Пүрэвдорж ах надад “Чука, С.Наран хоёроор дуулуулбал ямар санагдаж байна вэ” гэж асуухад би өчүүхэн ч бодолгүй шууд л “Тэгье л даа” гэж хэлсэн. Тэд өмнө нь уулзалдаад тохирчихсон байсан юм билээ л дээ. Тэгээд л тэр яриа өнөөдөр ажил хэрэг болж, биелэлээ олоод байна. Намайг залуу хүн туршлага багатай гэж гололгүй хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань улам их амжилт хүсье.
Ц.Чулуунбат: Ялангуяа гуравдугаар бадгийн гурав дахь мөр илүү таалагдсан
/“Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн/
-Г.Пүрэвдорж ах дуучин С.Нарантай анх холбогдож, биднээр дуулуулахаа мэдэгдсэн. С.Наран надтай утсаар холбогдохдоо “Ах аа хоёулаа нэг дуу хамтарч дуулах уу. Пүүжээ ахад нэг гоё дуу байна” гэж хэлсэн. Ингээд бид хэд уулзаж, аяыг нь сонсч, шүлгийг нь уншихад их сайхан санагдсан. Ялангуяа гуравдугаар бадгийн гурав дахь мөрөнд бичигдсэн ... Жаргал, зовлон хоёр ирэхэд цэцэгс нь дэлгэрч угтдаг... гэдэг мөр маш их таалагдсан. Бичлэгт орох үед С.Наран тэр хэсгийг дуулах гээд байхаар нь “Би дуулна. Чи дараагийн мөрөөс нь дуул” гэж гуйж байгаад дуулсан. Шүлгийн утга нь ч их гоё, гэгээлэг сэдэвтэй юм билээ. Бид хоёр анх удаа хамтарч дуулахдаа ийм сайхан бүтээл бий болгосондоо баяртай байна.
С.Наран: Нээрээ л бид чинь ийм сайхан орчлонд зөв амьдрахаас яах вэ дээ
/Поп дива дуучин/
-Г.Пүрэвдорж ах над руу утсаар ярихдаа “Ахад нь нэг сайхан дуу байна. Чука та хоёроор дуулуулах гэсэн юм. Та хоёр ивээл жилтэй бил үү” гээд тоглоомоор асууж байсан. Би ч “Ивээл шүү дээ” гээд хэзээ, хаана уулзалдахаа тохирсон. Гэхдээ надад яг ямар утга агуулгатай дуу байгаагаа хэлээгүй болохоор би дотроо “Гэгээлэг сэдэвтэй дуу биш байгаадаа” гэж бодож очсон. Гэвч уулзаж сонсохдоо ямар сайхан дуу болохыг нь мэдсэн. Тэр сэтгэгдэлээ ч илэрхийлсэн.
Нээрээ л бид чинь ийм сайхан орчлонд амьдарч байгаа юм чинь гэрэлтэж, хийморьтой, зөв амьдрахаас яах вэ дээ, тийм биз дээ. Хүмүүс ч сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Хамтран ажилласан уран бүтээлчиддээ ч талархлаа илэрхийлье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ