Хэн Хөх ордны тэргүүн болох вэ
2017-03-14

Өмнөд Солонгосын дараагийн Ерөнхийлөгч хэн болох нь олон улсын анхаарлыг татаж байна. Энэ талаар “www.yonhapnews.co.kr”сайт мэдээллээ.

 

 

Өнгөрсөн 2012 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Ардчилсан Тобура намыг тэргүүлэн оролцож байсан тус намын дарга асан Мүн Жэ Ин Хөх ордны дараагийн эзнээр тодрох магадлалтай байна.

 

Учир нь тус улсын төрийн мэдлийн “Ёнхап” агентлаг иргэдийн дунд “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох ёстой вэ?” гэх нээлттэй санал асуулгыг явуулсан аж. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 29.9 хувь нь Ардчилсан намын экс даргыг сонгосон байна. Иргэд “Мүн Жэ Ин шударга, ажилдаа үнэнч. Мөн ямар нэгэн авлига болон хээл хахуулийн дуулиантай нэр нь холбогдож байгаагүй. Нэр цэвэр цөөхөн хэдэн улстөрчийн нэг” хэмээжээ.

 

Хэдий тэрбээр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Пак Ын Хэд саналын зөрүүтэйгээр ялагдал хүлээсэн ч улстөрөөс явалгүй, ард түмнийхээ дуу хоолой болсоор өнөөг хүрсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. “Хэрвээ Пак Ын Хэ бус сонгуульд Мүн Жэ Ин ялалт байгуулсан бол өнөөдөр улс орон илүү амар тайван байх байсан” хэмээн нэгэн интернэт хэрэглэгч бичжээ.

 

Харин Мүн Жэ Иний гол өрсөлдөгчөөр Чхунчхон-Намдо мужийн захирагч Ан Хи Чон нэрлэгдэж байна. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 17 хувь нь түүнд саналаа өгчээ. Шударга, итгэлтэй гэх үгийг нэрийнхээ өмнө залгадаг тэрбээр улстөрийн арвин туршлагатай нэгэн. Тэрбээр Хөх ордны дараагийн тэргүүн болох магадлалтай гэнэ. Мөн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ерөнхий сайд Хван Кё-ан ялалт байгуулах магадлалтай байна.

 

Мүн Жэ Ин болон Ан Хи Чон, Хван Кё-ан нарын дунд гол бас ширүүн өрсөлдөөн болох нь нэгэнт тодорхой болоод байна. Ирэх тавдугаар сарын 9-ний өдөр тус улсыг удирдах эрхмийн нэр тодрох билээ. Улс оронд үүсээд буй хурцадмал байдлыг намжаахын тулд ялагдал хүлээсэн эрхмүүд ялалт байгуулсан хүндээ хүндэтгэлтэй хандахаас гадна олон нийтийг өдөөн турхирахгүй байхыг сануулаад буй.

 

Ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа нэр дэвшигч Мүн Жэ Ин

 

“Ёнхап” агентлагийн явуулсан санал асуулгад 200 иргэн оролцсон байна. Санал асуулгад оролцсон иргэд дундаас дээш боловсролтой бөгөөд талаас илүү хувь нь төрийн байгууллагад ажилладаг гэх судалгааг тус агентлагаас өгчээ.

 

Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмүүдээ танилцуулж байгаа ч нэр хүндээрээ дээрх гурван эрхмийг давж чадахгүй байгаа юм. Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн нэр холбогдсон дуулиан намжаагүй энэ үед Хөх ордны тэргүүн болсон эрхэм олны хараа хяналт дор улсаа удирдан явуулна. “Ард түмэн шинэ тэргүүнээ үнэнч бас итгэлтэй байхыг шаардах учир ихээхэн дарамттай нүүр тулна” хэмээн “AFP” агентлаг мэдээлэв.

 

Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэ дотны найз Чой Сун Шилд улсын нууцын зэрэглэлтэй материал үзүүлсэн гэх материалыг сөрөг хүчин өнгөрсөн оны эцсээр олонд зарласан билээ. Уг асуудал цаашлах тусам Ерөнхийлөгчийн нэр хүнд унах болсон. Тэрбээр 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа ард түмнээсээ дэмжлэг хүсч, хэд хэдэн хандивын сан байгуулсан билээ. Эдгээр хандивын байгууллагуудыг нууц эзэн нь Чой Сун Шил байсан юм. Тэрбээр найзынхаа нэр хүндийг ашиглан томоохон компаниудаас хандив нэрийн дор авлига авдаг байсан бол прокурорууд баталж, түүнийг баривчилсан. Ерөнхийлөгч болон түүний найзад их хэмжээний авлига өгдөг байсан компани “Самсунг” болохыг энэ оны эхээр илчилсэн билээ.

 

Хэрэг даамжрах тусам Ерөнхийлөгчийн нэр хүнд унаж, парламент түүнд итгэл хүлээлгэхээс татгалзсан юм. Тэрбээр үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөөд байхдаа анх удаагаа хэвлэлд ярилцлага өгсөн билээ. Ерөнхийлөгч “Надад тулгаж буй бүх хэрэг зохимол. Эдгээр бүх дуулиан бол худал хуурмагаар бий болсон уул. Дуулианы мөрөөр явбал эдгээр бүх хэргийг надад тулгахаар эртнээс төлөвлөсөн болохыг мэднэ. Худал хуурмагаар бий болсон бүхэнтэй нүүр тулахад маш их сэтгэлээр унаж байна” гэж ярьжээ. Ерөнхийлөгч найзынхаа талаар “Чой Сун Шил ямар ч буруугүй. Бид 40 гаруй жил нөхөрлөж байна. Тэр зөвхөн надад хувийн чанартай зөвлөгөөг өгдөг байсан. Тэдний хэлж буйгаар би найзынхаа зөвлөгөөгөөр ямар ч хүнийг төрийн өндөр албан тушаалд томилж байгаагүй. Надтай хамт ажиллаж байсан бүх хүн энэ бүхнийг гэрчлэх болно” гэж мэдэгджээ.

 

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт санал нэгтэйгээр Пак Ын Хэг Ерөнхийлөгчийн сэнтийгээс нь буулгасан билээ. Тэрбээр цэцийн шийдвэрийн дараа Хөх ордноос нүүж Сөүл хотноо байрлах хувийн байшиндаа очжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
jjjj:
тэнэг ч юм шиг энэ хүүхэн өндөрөөс их л хүчтэй унажээ.
2017-03-14