Н.Ариунболд: Хохирлын хоёр тэрбум төгрөгийг би аваагүй
“Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболдыг талийгаач Т.Билгүүний хохирлын нөхөн төлбөрийг хувьдаа авч хэрэглэсэн тухай мэдээ зарим сайтаар цацагджээ. Үүнд МУГЖ Н.Ариунболд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр “Талийгаач Т.Билгүүнд “Одон” телевизээс өгсөн хохирлын хоёр тэрбум төгрөгийг намайг авсан гэж зарим сайтад бичсэн байна. Ийм зүйл болоогүй. Дүүгийнхээ амь насыг мөнгөөр худалдах хүн би биш. Юм гэдэг үнэнээрээ сайхан байдаг учраас хүнийг хилсээр гүжирдэж, лайк цуглуулах гэж оролдож байгаа сайтуудад хатуу арга хэмжээ авна. Би шүүхдэнэ. Бидний хамгийн эмзэг сэдвээр ингэж оролдож байгаад маш их харамсаж байна” хэмээсэн байна.
"Шинэ үе" продакшны жүжигчид 2015 оны нэгдүгээр сард Өвөр Монголын өөртөө засах оронд аялан тоглох үед тус хамтлагийн жүжигчин Т.Билгүүн харамсалтайгаар амиа алдсан. Жүжигчдийн сууж явсан жижиг оврын суудлын машиныг чингэлэг ачсан том оврын машин мөргөсөн байдаг. Энэхүү хэргийг БНХАУ-ын хуулийн байгууллага, цагдаагийн газар шалгаж том оврын машинтай жолоочийн 100 хувь буруу хэмээн үзэж, жолоочид 15 жилийн хорих ял оноосон.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ