Хугацаа нь дууссан, муудсан мах борлуулдаг байжээ
2017-03-21

 

Бразилийн цагдаагийнхан хугацаа нь дууссан, муудсан мах борлуулдаг сүлжээг илрүүлсэн болохоо мэдэгдлээ. Уг хэрэгтэй холбогдуулан махны гурван үйлдвэрийг хааж, тэдэнд эрх олгосон 30 хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Мөн томоохон хотуудад үйл ажиллагаагаа явуулдаг 20 махны үйлдвэрийг шалгаж эхэлсэн гэнэ.

 

Олон жил үйл ажиллагаа явуулсан “JBS”, “BRF” гэх хоёр компанийн удирдлагууд муудсан махаа борлуулахын тулд эрүүл ахуйн байцаагчдад их хэмжээний авлига өгч, ямар ч асуудалгүйгээр махаа иргэдэд борлуулдаг байжээ. Цагдаагийнхан тус компанийн нөлөө бүхий эрхмүүдийг баривчлан, байцаалт авч эхэлсэн байна.

 

Эдгээр компанийнх болох зөрчилтэй махуудыг дэлгүүр, захаас эргүүлэн татаж, устгаж эхэлжээ.  Тэд муудсан махаа борлуулахын тулд тусгай химийн бодис ашиглаж, үнэр болон амтыг нь өөрчилдөг болохыг цагдаагийнхан тогтоосон аж. “JBS” компанийн ерөнхий менежер "Борлуулалтын явцад мах муудсан тохиолдол гарч байсан. Гэхдээ би муудсан мах борлуулж байгаагүй. Бид хэрэглэгчдээ хуурч байгаагүй” гэж мэдэгдсэн байна.

 

Бразил улс АНУ, БНХАУ, ОХУ, болон Европын Холбооны найман улсад махаа нийлүүлдэг байна.

 

 

Муудсан мах борлуудаг гэх дуулианы дараахан тус улсын Ерөнхийлөгч Мишель Темер дээрх орнуудын Элчин сайдуудыг ордондоо хүлээн авч, оройн зоог барьцгаажээ. Тэрбээр "Зөрчлийг арилгасан. Тиймээс бидэнд итгэх хэрэгтэй. Бразил мах хамгийн чанартай” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин