Төсвийн тодотголыг хаврын чуулганаар хэлэлцэнэ
2017-03-26

Засгийн газраас УИХ-д энэ оны төсвийн тодотголын төслийг өргөн барьсан. 

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ. Ингэхдээ 6 төрлийн татварыг нэмэгдүүлж, орлого бүрдүүлэхээр тусгасан байна. 

 

Мөн төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах юм байна.

 

Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэнэ хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ. 

 

Төсвийн тодотголыг хэлэлцэхээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүй. Харин УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин