ОУВС-гаас өөр хувилбар байхгүй

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.
-Энэ оны төсвийн тодотголын төсөлд ямар зүйлийг тусгасан бэ?
-2016 оны 11 дүгээр сард УИХ-аас Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн эхний алхмыг хэрэгжүүлэхийн тулд ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. ОУВС-тай хамтрах хэлэлцэхээрийн хүрээнд гурван үндсэн нөхцөл тавигдсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд энэ оны төсөвт тодотголыг баталсан байх учиртай. Энэ дагуу 2017 оны улсын төсөвт тодотгол хийж, төслийг УИХ-д өргөн барилаа. Төсвийн тодотголоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд 6 арга хэмжээ авна. Үүнд Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлнэ. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх шаардлага байна. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Мөн Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох юм. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ. Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж тооцож суулгалаа.
Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа 7 төрлийн арга хэмжээг авахаар тусгасан байгаа. Эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулсан худалдан авалттай болгож байж ойролцоогоор 10-15 хувийн хэмнэлтийг гаргах урьдчилсан тооцоо гарах юм. Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. 2026 он хүртэл эрэгтэйчүүд 65 наснаас тэтгэвэрт гаргуулна. Жилд 6 сараар нэмэгдүүлнэ. Эмэгтэйчүүдийн хувьд 2036 оноос 65 наснаас тэтгэвэрт гарахаар тооцсон.
Эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг, атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлнэ. Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж байгаа. Харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал нэмэгдүүлэхгүй байна. Эдийн засаг сайжирсны дараагаар нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авна. Төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлана. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоно. Өнөөдөр хүүхдийн мөнгийг зорилтот 60 хувьд нь олгож байгаа. Үүнийг 40 хувьд нь олгохоор болж байгаа. Харин хэмнэсэн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд хоолны талон хэлбэрээр олгоно.
Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байгаа. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулиар 50 орчим тэрбум төгрөгийг нэмэгдүүлэх зүйл заалт орсон. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд үүнийг буцааж хүчингүй болгохоор тооцож, 2017 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна.
-Төсвийн тодотголоор энэ оны орлого, зарлагыг хэрхэн тооцсон бол?
-Дээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувьтай тэнцэх юм. Нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьтай байна. Харин нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай байхаар тооцоолсон.
-ОУВС-гийн захирлуудын зөвлөл дөрөвдүгээр сарын 10-нд хуралдана гэсэн мэдээлэл байна. Төсвийн тодотолыг хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлах уу?
-Засгийн газар төсвийн тодотголын төслийг энэ оны хоёрдугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаан дөрөвдүгээр сарын 11-нд хуралдахаар төлөвлөсөн байсан. Гэхдээ Монгол Улсын төсвийн тодотголыг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар нэгдүгээр асуудалд багтаан хэлэлцэнэ.
-ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө баталж амжих уу? Улсын төсөв дөрвөн хэлэлцүүлэгтэй явагддаг.
-Дөрөвдүгээр сарын 10-наас өмнө амжихгүй байх. Тиймээс дөрөвдүгээр сарын 21-23-ны хооронд ОУВС-гийн хаврын жилийн уулзалт болно. Бид дөрөвдүгээр сарын эхний хагаст багтаан төсвийн тодотголыг батлах байх. Улсын төсвийг батлах онцгой эрх нь УИХ-д байдаг. Тийм учраас урьдчилсан тооцоогоор дөрөвдүгээр сарын 15-н гэхэд төсвийн тодотголыг батлагдана. Ингээд тавдугаар сарын эхээр ОУВС-гийн хурлаар орох болов уу гэсэн урьдчилсан тооцоо байна.
-Та намаа бодох уу, улсаа бодох уу гэж байсан. Төсвийн тодотголын төслийг танай намын бүлгийн гишүүд хэр дэмжиж байгаа бол?
-ОУВС-гийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг хийх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд орж, танилцуулна дэмжүүлсэн.
-Ерөнхийлөгчийн сонгууль явагдах энэ үед АН-ын зүгээс сөрөг пиар явих вий гэдэг үүднээс болгоомжлох, хойшлуулах асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ талаар?
-Гайгүй биз дээ. Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхэд нийгмийн тодорхой хэсгийн дунд сөрөг хандлага гаргаж болно. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдэхгүй бол цаашид хүндэрнэ. Гуравдугаар сарын 21-нд төлөх ёстой байсан 580сая ам.долларын бондыг бид Засгийн газрын бондоор төлөхөөр хөтөлбөрийг тохирч чадсан. Үүнийг Монгол Улсын иргэд мэдэж байгаа. Бид 476 сая ам.долларыг нь Засгийн газрын бондоор төлсөн бол шинээр 124 сая ам.долларын бонд гаргах санал тавьсан. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлээд төсвийн сахилгаа дээшлүүлвэл ойрын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Энэ хэрээр зээлийн хүү буурна. Зээлийн хүү буураад ирвэл макро эдийн сэргээд явна. Хөтөлбөрт ороод сайн ажиллавал 2017 оны төгсгөлд хувийн сектор талдаа эдийн засгийн сэргэх хандлага мэдрэгдэнэ.
-Хэрвээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж амжихгүй бол Засгийн газарт дараагийн хувилбар байгаа юу?
-Ер нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явчихна. Өөр хувилбар байхгүй. Манай эдийн засаг маш хүндэрсэн байгаа. Төлбөрийн тэнцлийн болон төсвийн дарамт ирээд байгаа. Энэ удаагийн хөтөлбөр арай урт хугацаатай буюу 3 жилээр хэрэгжинэ. Өмнөх 2008 оныг 1.8 сар хэрэгжиж байсан. Энэ удаагийнх үүссэн нөхцөлд байдалд тохирсон уян хөтөлбөр.
-Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн. Төсвийг тодотгохдоо нүүрс, алтны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй ойртуулсан уу?
-Бид төсвийн тодотголыг хийхдээ зэсний үнийг нэмэгдүүлсэн. Орлого нь 6 их наяд төгрөг байсныг 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон.
-6 төрлийн татвараас хичнээн хэмжээний орлого төвлөрөх бол?
-6 төрлийн татвараас заримыг нь дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэхээр тооцож байсан. Гэхдээ одоо УИХ-аар хэлэлцээд батлуулсны дараа тавдугаар сарын нэгнээс тооцогдоно. Хадгаламжийн зээлийн хүүнээс 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс татвар авахаар байсан. Үүнийг 9 сараар урагшлуулах байсныг одоо 8 сараар урагшлуулах байх. Бусад нь 2018 оноос хэрэгжинэ.
-“Чалко”-гийн өрийг ямар эх үүсвэрээс төлж барагдуулах бол?
-“Чалко”-гийн өрийг “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний борлуулалтын орлогоосоо төлж барагдуулна. Менежментээ сайжруулж байгаа. Зээл авахгүйгээр эхний ээлжинд дөрөвдүгээр сардаа багтаан төлж барагдуулна.
-“Тавантолгой” төсөвт хэр орлого нэмэх бол?
-“Тавантолгой”-д нийт 11 орчим сая тонн нүүрс экспортолно.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ