“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно
2017-03-27

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал Шангри-Ла зочид буудалд ирэх дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэл болно. 

 

"Би Эм Монголиан Партнерс" компанийн санаачлан зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн үеэр дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг тоног төхөөрөмжийг танилцуулахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах үүдийг нээх аж.  Одоогийн байдлаар ХБНГУ, Австри, Швейцарь зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орны 20 гаруй компани энэхүү арга хэмжээнд оролцож, тоног төхөөрөмж, технологио танилцуулахаар албан ёсоор бүртгүүлжээ.

 

Тухайлбал, нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, элс хайргыг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “Allmineral”, “Steinert” компанийн Австрали дах салбар, уурхайн хаягдал усыг шүүж, дахин ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Австри улсын “Andritz”, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore”, “Prime Drilling” зэрэг олон улсад хэдийнэ танил болсон компаниуд Монголын уул уурхайн салбарынханд тоног төхөөрөмж, технологио дэлгэх юм.

 

Жилийн ихэнх өдрүүд нь нартай байдаг болохоор Монгол орон сэргээгдэх эрчим хүч хөгжих нэн таатай орны нэг билээ. Тиймээс Австри улсын "Дас Энержи" шилэн бус фотоволтайк хавтан үйлдвэрлэгч компани шинэ технологио танилцуулахаар болжээ. Түүнчлэн Австрийн бага оврын онгоц үйлдвэрлэгч "Даймонд Эйркрафт" компанийн захирал ноён Кристиан Дрийс  арга хэмжээний үеэр Монголд айлчлан ирнэ гэсэн мэдээллийг зохион байгуулагчид нь өгч байна.

 

Ийнхүү Улаанбаатар хотноо дэлхийн шилдэг технологи үйлдвэрлэгчид, том хөрөнгө оруулагчид чуулна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин