Оюутны спортын их наадмын нээлт болов
2017-03-28

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадмын нээлтийн ёслол өчигөдр /2017.03.27/ боллоо. Энэхүү наадам спортын 12 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна.

 

Их наадам спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогоор чөлөөт бөх, волейбол, цана, жүдогийн төрлийн тэмцээнүүдэд явагдаад байна. Нээлтийн үеэр их наадмын волейболын тэмцээний медальт байранд шалгарсан баг тамирчдын медалийг гардуулан өгөв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрэгтэй багуудаас нэгдүгээр байранд С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, хоёрдугаар дугаар байранд Ч.Ням дасгалжуулагчтай ШУТИС, гуравдугаар байранд Ц.Батбаатар дасгалжуулагчтай Их засаг олон улсын их сургууль, эмэгтэй багуудаас нэгдүгээр байранд Ч.Ням дасгалжуулагчтай ШУТИС, хоёрдугаар байранд Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, гуравдугаар байранд Б.Хэрлэн дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид шалгарч, шагналыг Зохион байгуулах хорооны дарга, гишүүд гардуулан өгөв.

 

Тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол болж шүүгчийг төлөөлж Гимнастикийн Олон улсын хэмжээний мастер, Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний дасгалжуулагчийн 2-р зэрэгтэй, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн ахлах багш, Галбадрахын Ерөөлбат, тамирчинг төлөөлж Модон бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2016 оны тэмцээний мөнгөн медальт, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан, Ганбатын Мягмарсүрэн нар өргөсөн юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дөрөвдүгээр сард шатрын төрөл Зууны шатар клубд, ширээний теннисний төрөл Оч спорт клубд, гандболын тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд, аэробикийн тэмцээн ШУТИСургуульд, тавдугаар сард модон бөмбөгийн төрөл Монгол шилтгээн дэх Модон бөмбөгийн талбайд, хөнгөн атлетикийн тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж “Универсиад-2017” IV их наадмын аваргууд тодорч өндөрлөх юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин