Судалгаанд зарцуулах мөнгөөрөө ардынхаа амьжиргааг дээшлүүл

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна.
Судалгааг 7900 ажилтан 10 хоногийн хугацаанд явуулж Доржийнх гэдэг айл 50 малтай, Батынх хөргөгчтэй, Оюуных зурагттай эсэхийг тогтооно. Үүнийг үнэн зөв тогтоохын тулд 53 асуулт бэлдсэн. Түүнийг хэвлэх цаас, ажилтнуудын өдрийн хоол, урамшуулал, судалгааны зардалд нийтдээ 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн гэнэ. Энэ их мөнгийг иймхэнд үү гэж үнэндээ гайхмаар.
Өрхийн мэдээллийн сан гээчийг байгуулж, амьжиргааны судалгаа хийхийн ач холбогдол нь маш өндөр. Гэвч энэ судалгаагаар өрхийн амьжиргааг үнэн зөв тодорхойлдог уу гэвэл учир дутагдалтай. Судалгааг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өмнө нь 2013 онд явуулсан. Үр дүнд нь “хөргөгчтэй” айлын 400 мянган хүүхэд төрийн хишиг хүртэж чадахгүй орхигдсон. Хачин нь нэг айлын тэрсхэн хоёр хүүхдийн нэг нь амьжиргааны баталгаажих түвшин таарууд багтаж төрөөс олгодог 20 мянган төгрөгийг авдаг. Харин нөгөө нь боломжийн амьдралтайд нь тооцогдож 20 мянгыг авахгүйд хүрсэн байгаа юм. Ийм л “хошин” үр дүнтэй ажилд 4.5 тэрбумыг зарцуулах юм гэнэ.
Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын бүх иргэний амьжиргааны төвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэг.
Үнэндээ энэ зорилтынхоо зөвхөн “Ядуурлыг бууруулах” гэснийг бодолцож судалгаанд зарцуулах мөнгөөрөө доогуур амьдралтай цөөн ч гэсэн өрхийн амьдралыг дээшлүүлэхэд нэмэр болвол илүү зохистой юм.
Увайгүй ноёнд урагшгүй албат гэгчээр гадаад дотоодоос өр зээл тавин байж улсын төсөвтөө суулгасан мөнгөө энэ мэт ажилд тэрбумаар нь цацаад байх нь “тэнэг” хэрэг.
Ер нь тэгээд амьдралын түвшинг нь тогтоосон тогтоогоогүй монголчууд шар өдөр, бор хоногийг өнгөрөөж л байна. Хоёр машинтай эсвэл ганц унадаг дугуйтайг нь тогтоолоо гээд хэнд юунд ч хэрэгтэй юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ