Шадар сайд хөтөлбөрийн нээлтэд оролцлоо
2017-04-04

“Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй  “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож,  засгийн газрыг төлөөлөн үг хэлэв.

 

Тэрээр хэлсэн үгэндээ  “Манай улсын малын тоо толгой 2016 онд  61.5 саяд хүрсэн. Нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг билээ. Иймд төр засгийн зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, улмаар хөдөөгийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад байнгын анхаарал тавьсаар ирсэн. Одоогийн засгийн газар ч мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлэх, мал амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал амьтны өвчны тархалт, гаралтыг тогтвортой бууруулахад цогц үйл ажиллагааг бүх талуудын оролцоо, хамтын ажиллагаатайгаар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тиймээс ч “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг “Мерси Кор” олон улсын байгууллагаас найман аймагт хэрэгжүүлэхээр болсонд талархаж буйгаа онцгойлон илэрхийлж байна гэж онцоллоо.

 

“Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөр нь 2016-2019 оны хооронд Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх юм. Улмаар хөтөлбөрийн хүрээнд 3 аймагт эдийн засгийн зангилаа төв байгуулж, зэргэлдээ таван аймгийг  туслах төв болгохоор төлөвлөжээ. Зангилаа төвүүд үйлдвэрлэл, борлуулалтын шилдэг загварыг хөгжүүлж, сурталчилснаар бусад аймгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдэд суралцах боломжийг олгох юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв. 

 

 

Shuud.mn
Сонин хачин