Хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг 2017 оны гуравдугаар сарын 13-26-ны хооронд баривчилсан байна.
Хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх, зарж борлуулах гэмт хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулиар 20 хүртэл жил хорих ялтай хүнд гэмт хэрэгт тооцогддог.
Монгол Улсад: Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.
ОХУ-д: Бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд татан оролцуулсан, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн бол ОХУ-ын эрүүгийн хуульд 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар, БНХАУ-д 15 жил хүртэл хугацаагаар хорих, хугацаахгүй хорих, цаазаар авах хүртэл ял шийтгэдэг байна.
Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээллээр манай улсын иргэд 2006 оноос хойших байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казахстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3, Грект 1, Болгарт 1, Словак улсад 1 нийт 117 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. Үүнээс торгуулийн ял шийтгэгдсэн 6, баривчлах ял шийтгэгдсэн 10, нас барсан 2, тодорхой хугацаантай хорих ял шийтгэгдсэн 42, хугацаагүй хорих ял шийтгэгдсэн 5, цаазын ял шийтгэгдсэн 7, хэрэг нь хэрэгсэхгүй болсон 7, 2016 оны байдлаар 9 хэрэгт 9 иргэн холбогдон шалгагдсан байна.
Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн хор аюулыг сайтар ойлгож, энэ аюулаас хүн бүр өөрийгөө хамгаалж ангид байхыг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас зөвлөж байна.
Уншиж байна |