Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвлөлдөх санал асуулга явуулна
2017-04-12

УИХ “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг баталсан.Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Ард нийтийн санал асуулгыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс байх асуудлаар 1945 онд явуулж байсан. Ард нийтийн санал асуулгын тухай хууль Үндсэн хуулийн дагуу батлагдан гарч мөрдөгдөж байгаа ч хэрэгжээгүй байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль хоёр сарын өмнө батлагдлаа. Ард нийтийн санал асуулга явуулахаас өмнө Зөвлөлдөх санал асуулгыг явуулах ёстой юм байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол заавал Зөвлөлдөх санал асуулга явуулна гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу явуулах гэж байна.

 

УИХ-ын тогтоолд Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байнуулах, санал асуулгыг боловсруулах, дүгнэх, зөвлөмж гаргах, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан. Тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг туршлага бүхий 21 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрдэмтэн, судлаач хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн ТББ-ын төлөөллийг оролцуулан 5-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийг найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Улсын бага гишүүн, Ардын Их хурлын депутат Д.Ламжав, МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш, ҮХЦ-ийн гишүүн асан Ц.Сарантуяа, Олон нийтийн сүлжээний зөвлөх Д.Сүхжаргалмаа, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, Ардын Их хурлын депутат, Үндсэн хууль батлалцсан Д.Чойжамц, Шинжлэх Ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Чулуунбаатар нарын хүмүүс сонгогдсон. Зөвлөл эхний хуралдаанаараа даргаа сонгосон. Зөвлөлдөх зөвлөл хоёр даргатай бөгөөд Д.Ламжав, Н.Жанцанноров нар сонгогдсон байна хэмээн мэдээлэв.

 

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын тамгын газрын иэрх бүхий албан тушаалтнууд орж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХын гишүүн Г.Занданшатар, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батжандан, Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Мөн мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгүүд ажиллах юм байна.

 

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат өнөөдөр 17.00 цагаас эхлэн орон даяар эхэлж байгаа аж. Үндэсний статистикийн хороо нэгдэх шатны санал асуулгыг явуулах юм байна. Ингэхдээ 21 аймаг, 9 дүүргээс  санамсаргүй түүврийн аргачлалыг ашиглан Монгол Улсын насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 иргэнийг сонгосон байна. ҮСХ-ны орон нутаг болон нийслэлд ажиллаж байгаа судлаачид явцын мэдээг мэдээлж, бүх судлаачид интернэтэд холбогдсон таблетаар санал асуулгыг авах юм байна. Судалгааны асуулгыг бүрэн асуусан эсэх, сонгогдсон айлд очсон эсэхийг хянах зорилгоор 3-5 хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын удирдлагын баг ажиллана.

 

Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатанд хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд ажлын хэсэг хэлэлцүүлгийн материалыг боловсруулах юм байна. ҮСХ нэг дэх шатанд оролцогчдын 50 хувийг санамсаргүй түүврийн аргаар сонгож Зөвлөлдөх уулзалтад оролцуулах гэнэ. Уг хэлэлцүүлэг нь Төрийн ордонд дөрөвдүгээр сарын 29, 30-нд болох юм. Ингэхдээ уулзалтад оролцогчдыг 15-аас илүүгүй хүнтэйгээр жижиг бүлэг болгох юм байна. Энэ үеэр бүлгийн гишүүд нэгдэх шатанд бөглөсөн санал асуулгын хуудсыг дахин бөглөнө.

 

ҮСХ хоёр шатны санал асуулгыг нэгтгэн санал асуулгын тайлан гаргаж тавдугаар сарын 4-ний дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулах юм байна. Үүнээс зөвлөмж гаргаж тавдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах юм байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин