“Буйдантай суулт” хийхийг уриалав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Тавантолгойн хээрийн сургуулилтын үеэр амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг БХ-ын сайдад даалгасан юм.
Дараагаар нь хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт болон 2017 оны улсын төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Энэ оны төсвийн тодотголын төсөлд урсгал зардал танагдаагүй, харин иргэдийн татвар нэмэгдсэн байна. АН-ынхныг 27 жилийн ойгоо тэмдэглээд явж байхад эрх баригчид төсвийн тодотголын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Би төсвийн тодотголын төсөл дэх урсгал зардлуудыг танаж, хасуулах саналтай байна. Өмнөх парламентын үед МАН-ын бүлэг төсвийн төслийг эсэргүүцэж, “буйдантай суулт” хийж байсан. Өнөөдөр би буйдантай суулт хийхэд хүч хүрэхгүй ганцаардаад байна. АН-ынхныг надтай хамтарч “буйдантай суулт” хийхийг уриалж байна гэлээ. Гишүүн О.Баасанхүүгийн энэ саналд УИХ-ын дарга М.Энхболд “Төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хойшлуулах боломжгүй. Тиймээс таны саналыг хүлээж авах боломжгүй” гэсэн юм.
Ингээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ