Төр бүсээ суллаж, түмэн олон бүсээ чангалж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гурван цаг завсарлаад үргэлжлүүлэн хуралдаж байна. Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хурал хийлээ.
Чуулганы хуралдааны эхэнд Төсвийн байнгын хороо улсын төсвийн тодотголтой холбоотой байнгын хорооны дүгнэлтээ танилцуулав. Дараагаар нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгүүд тус бүр дүгнэлтээ танилцууллаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дүгнэлтдээ "ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй мухар гудамжны үзүүрт хүргэсэн байна. АН-ын зүгээс гадаадаас зээл авалгүйгээр эдийн засгаа аваад явах боломж байтал ОУВС-аас зээл авч, өрийн дарамтыг нэмэгдүүлэх гэж байна хэмээн ард түмэнд буруу ташаа үйлдэл гаргаж байна” гэдгийг онцолсон бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дүгнэлтдээ "Төр бүсээ чангалж байж түмэн олон бүсээ чангалдаг. Гэтэл төр бүсээ суллаж, түмэн олон бүсээ чангалж байна. Ард түмний нэрээр хувийн өмчийг нийгэмчлэх хандлага гарлаа. Ард түмэн, баялаг бүтээгчид тэсрэхэд бэлэн байна. МАН сонгуулийн амлалтаасаа бүрэн буцлаа" хэмээсэн юм.
Ингээд төсвийн тодотолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ