Медиа уран бүтээлчдийн анхааралд
2017-04-14

 
URBAN ENCOUNTERS: BETWEEN MIGRATION & MOBILITY  
 
“ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА. 
 
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрөл зүйлийг тэр дундаа медиа урлагийг Монгол улсад хөгжүүлэх, энэ чиглэлээр бүтээл туурвиж буй уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Медиа уран бүтээл туурвих хүсэл сонирхолтой уран бүтээлч Та бүхнийг хөтөлбөрт оролцохыг урьж байна.  
 
Хөтөлбөрийн агуулга, зорилго: Хөтөлбөр нь нүүдлийн соёлоос суурьшмал соёлд шилжсэнээр гарч буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, түүний харилцан хамаарлыг эрэлхийлэхэд оршино. Төсөлд оролцогч-уран бүтээлчид нь социалист болон ардчилсан тогцолцооны эерэг ба сөрөг үр дагавар; нүүдэлчин соёлоос хотын соёлд шилжих үйл явц, хүмүүсийн амьдралын хэв маяг, шилжилт хөдөлгөөн зэргээс үүдсэн өнөөгийн Монголын нийгэм, соёлын нөхцөл байдалд харьцуулсан судалгаа хийх, дүгнэлт гаргах замаар бүтээлээ туурвин, олон нийтэд танилцуулна.  
 
Хөтөлбөрт хэрхэн оролцож, үйл ажиллагаанд хамрагдах вэ?  
 
 
1. Уран бүтээлч нь өөрийн туршлага, түүх, баримтан дээр үндэслэн  хөтөлбөрийн хугацаанд хийх бүтээлийн санаагаа бичвэр болгон анкетийн хамт МУЗ-ийн culture@artscouncil.mn хаягаар илгээнэ.  
 
Уран бүтээлч нь 1960-1980, 1990-2000-аад оны видео, 16мм-ийн хальсны болон дижитал дүрс бичлэгийг ашиглан бүтээлээ туурвина. Уран бүтээлчийн санаа нь чөлөөтэй, бүтээлч, шинэлэг байх бөгөөд хөдөөгөөс хот руу, нүүдэлчдээс хотжилт руу гэх мэт хоёр нийгмийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг тусгасан, хөтөлбөрийн зорилгод нийцсэн байна.  
 
 
2. Сонгогдсон уран бүтээлчид архивын дүрс ашиглан өөрийн санал болгосон бүтээлийг хийх 14 хоногийн онол ба дадлага ажил хосолсон сургалтанд хамрагдан, бүтээлээ хийнэ. Сургалтыг зочин багш-уран бүтээлч John Davis болон Stefan Rusu нар удирдан явуулна. Сургалт 2017 оны 4-р сарын 24-өөс 5-р сарын 07-ныг дуустал бүтэн өдрөөр, өдөр бүр зохион байгуулагдана. 
 
  
3. 2017 оны 5-р сарын 10-ны өдөр багш, оролцогч уран бүтээлчдийн хамтарсан медиа уран бүтээлийн үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнг 14 хоногийн турш олон нийтэд нээлттэй танилцуулна.  
 
 
Төслийн хугацаа:  2017 оны 4-р сарын 20-өөс 5-р сарын 20-ны өдөр 
 
Хэрэгжих газар:  Улаанбаатар хот  
 
Тавигдах шалгуур:
  • Видео бүтээл хийж байсан туршлагатай уран бүтээлч байх  
  • Архивын дүрс ашиглан уран бүтээл туурвих хүсэл сонирхолтой байх
  •  Багаар ажиллах чадвартай байх  
  • Хөтөлбөрийн хугацаанд давхар ажил эрхлэхгүй, үйл ажиллагаанд таслахгүй, тогтвор сууршилтай, тууштай оролцох боломжтой байх  
  • Өөрийн эвлүүлэг хийх зөөврийн комьютер, камер, hard drive-тай байх 
 
Сонгон шалгаруулалт: 
 
Хөтөлбөрт нийт 20 уран бүтээлчийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтыг Зочин багш нар, МУЗ-ийн Хөтөлбөрийн Хороо болон дэмжигч мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2017 оны
4-р сарын 19-нд зарлана. 
 
Бүрдүүлэх материал: 
 
Өргөдлийн маягт болон хөтөлбөрийн хугацаанд хийх бүтээлийн тайлбар бичвэр /Маягтыг хавсралтаас үзнэ үү/  Хэрэв CV англи хэл дээр байвал хавсаргах 
 
Гүйцэд бөглөсөн өргөдлийг 2017 оны 4 сарын 16-ний дотор Монголын Урлагийн Зөвлөлд холбогдох ажилтаны culture@artscouncil.mn ирүүлнэ үү.  
 
Хаяг :  Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/  402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
 
 Э-шуудан: culture@artscouncil.mn Утас:         976-11-319015, 319017 
 
Анкет татаж авах энд дарна уу
 
 
Зочин багш-уран бүтээлчид: 
Стефан Русу (Молдав, Кайту, 1964).  Русу нь Киргистаны Бишкек хотноо ажиллаж амьдардаг бөгөөд ихэвчлэн пост-социалист орнуудын нийгмийн аж байдал, өөрчлөлт, шинэчлэл, холбоо хамаарлыг харуулсан видео бүтээл туурвидаг. Тэрээр баримтат болон экспериментал кино, ТВ-ийн нэвтрүүлгийн төслүүдэд куратор, эвлүүлэг, төслийн менежмент, сан бүрдүүлэлт зэрэг ажлыг гүйцэтгэдэг.  Русу хөтөлбөрийн хугацаанд социолист тогтолцооны үеийн суртал нэвтрүүлэг, киноны түүх ба түүнийг хэлэлцэх, дүгнэх, 1970-1980аад оны хальс, видео дүрсүүдийг хэрхэн дахин ашиглах сэдвээр хичээл заана. 
 
 
Жон Дэвис (АНУ-ын Сан Франциско) Уран бүтээлч Жон Дэвис нь кино, видео, гэрэл зураг болон дууны эффект ашиглан эксперимент уран бүтээл туурвидаг. Тэрээр хөтөлбөрт оролцогчдод нийгмийн асуудлыг шүүмжлэлт ба егөөдөлт уран сайхны аргаар хэрхэн илэрхийлэх, VHS, DVD, телевиз, интернэтээс судалгаа хийн дүрсээ сонгох, дүрсүүдийг бүтээлдээ холбон уялдуулах зэргийг хичээлийг заана.   
Shuud.mn
Сонин хачин