АНУ-ын Дэд ерөнхийлөгч Сөүлд ирлээ
2017-04-17

 

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс Азийн орнуудад хийх арван өдрийн айлчлалынхаа хүрээнд өчигдөр Өмнөд Солонгос улсад очсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр Сөүлийн удирдлагуудтай уулзаж, Хойд Солонгосын асуудлаар хэлэлцсэн байна. Дэд ерөнхийлөгч өчигдөр хоёр Солонгосын хил орчимд энхийг сахиулж буй АНУ-ын цэргүүдийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Сөүл дэх АНУ-ын цэргийн баазаар зочилжээ. Майк Пенсийн дээд хэмжээний айлчлал Хойд Солонгосын үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсэн өдөртэй давхцаж буй нь олны анхаарлыг татсан юм.

 

Хойд Солонгос өчигдөр пуужин харвасан боловч, уг пуужин хөөрсөн даруйдаа дэлбэрсэн билээ. Пхеньян ямар шалтгааны улмаас пуужин харвасан нь тодорхойгүй байгаа ч Пентагон “Хойдууд Дэд ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцэн пуужин харвасан байх магадлалтай” гэж мэдэгджээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойг руу байлдааны хөлгүүдээ илгээсний улмаас хоёр улсын харилцаа хурцадаад байгаа юм. Хэрвээ хойдуудын харвасан пуужин АНУ-ын цэргийн баазыг оносон бол Америк шууд гал нээхээр төлөвлөж байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин