Санкт-Петербург хотноо халдсан этгээдийг баривчилжээ

ОХУ-ын Аюулгүй байдлын албаныхан өчигдөр Санкт-Петербург хотын метронд террорист халдлага үйлдсэн этгээдийг Москвагийн ойролцоо Одинцово орчмоос баривчилсан талаар “www.rt.com” сайт мэдээллээ.
Түүнийг энэ сарын 3-нд Санкт-Петербург хотноо болсон халдлагад оролцсон хэмээн буруутгаж, орон даяар эрэн сурвалжиж байсан юм. Баригдсан этгээд 1990 оных бөгөөд нэрийг нь Аброр Азимов гэдэг аж. Одоогоор түүнийг Узбекстан, Туркээс гаралтай хэмээн үзэж байна.
Тэрбээр баригдах үедээ өмднийхөө ард гар буу, сум зэргийг нуусан байжээ. Аброр Азимов Москва хот дахь Мөрдөн байцаах хороонд байцааж эхэлсэн гэнэ.
Санкт-Петербург хотноо болсон халдлагаар 14 хүн амиа алдаж, 54 хүн шархтсан юм. Уг халдлагыг Киргизастан улсаас гаралтай Акбаржон Жалилов үйлдсэн болохыг ДНК-ийнх тусламжтай тогтоогоод байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ