Сөүлтэй байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ эргэн харна
2017-04-18

 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс анхны дээд хэмжээний айлчлалаа Өмнөд Солонгос улсад хийлээ.

 

Тэрбээр Өмнөд Солонгост үүрэг гүйцэтгэж буй Америкийн цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаас гадна өчигдөр хоёр Солонгосын хил орчмын цэрэггүй бүсэд зочилсон юм. Уг айлчлалыг эсэргүүцэн Пхеньян “Долоо хоног бүр пуужин харвах болно” хэмээн олон улсыг заналхийлсэн билээ.

 

Майк Пенс цэрэггүй бүсэд зочилсоныхоо дараа Сөүлийн удирдлагуудтай уулзах үеэрээ тус улстай байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрээ эргэн харахаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Дэд Ерөнхийлөгч “Энэ хэлэлцээрийг байгуулаад АНУ хоёр дахин хохирол амсах болсон. Энэ бол үнэн. Тэнцэл алдагдаж, нэг нь хэтэрхий ашигтай нөгөө нь хэтэрхий их алдагдал хүлээх боллоо” гэж хэлжээ.

 

“Хэдий Америк уг хэлэлцээрийн улмаас алдагдал хүлээсэн ч сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондох худалдааны эргэлтийн хэмжээ нэмэгдсэн” гэдгийг Пенс онцлон тэмдэглэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Өмнөд Солонгостой байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрээ эргэн харахыг албаныханд даалгасан гэнэ.

 

Дэд Ерөнхийлөгчийн дараагийн зогсоол Японы нийслэл Токио хот билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин