Режеп Тайип Эрдоган: Би дарангуйлагч биш
2017-04-19

 

Америкийн “CNN” агентлагийн сэтгүүлч Беки Эндерсон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай ярилцжээ. “CNN”-ийн сурвалжлах баг Туркийн Анкара хот дахь Ерөнхийлөгчийн ордонд зочилж, ярилцлага авсан байна. Хэдхэн өдрийн өмнө туркчууд түүхэн сонголт хийж, Турк улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжсэн юм.

 

-Туркийн ард түмэн маш том сонголтыг хийлээ. Хэдий ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжсэн ч таныг шүүмжлэгчид энэ үйл явдал хаант засаглалын суурийг тавьсан хэмээн буруутгаж буй.  Энэ талаар. Та бодлоо хуваалцаач?

 

-Би мөнх биш. Би хэзээ нэгэн өдөр үхэх нь тодорхой. Мөнх бус орчлонд зөвхөн өөртөө зориулсан систем бий болгох нь хэнд ч ашиггүй.

 

-Туркийн тогтвортой байдлын төлөө нэг удирдагчийн систем рүү шилжсэн хэмээн ойлгож болох уу. Та санал нэгдэх үү?

 

-Турк улсын түүхийг сайн судалбал цаг үе бүр сайн гэсэн системийг шинэчлэн бий болгосоор ирсэн. Би бүх эрх мэдлийг өөртөө төлөврүүлэхийг зориогүй. Зөвхөн Туркийн улстөрийн тогтолцоог илүү боловсронгуй болгохыг зорьсон юм. Системийн өөрчлөлт Туркийн ардчилсан түүхэн өөрчлөлтийг төлөөлнө.

 

Ерөнхийлөгч Эрдоганы эрх мэдэл өргөжихөөс гадна хоёр ч удаа улиран сонгогдох боломжтой боллоо. Түүнчлэн дэд Ерөнхийлөгч, сайд нар болон бусад дээд албан тушаалтнуудыг тэрбээр сонгох эрхтэй болно. Тус улсын төрийн тэргүүн онц байдал зарлах, парламентыг тараах эрхтэй болох аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайдын орон тоог халж, оронд нь парламентын гишүүдийн тоог нэмэхээр болжээ.

 

Хэсэг цэрэг өнгөрсөн оны долоодугаар сард төрийн эргэлт хийхийг санаархсан билээ. Уг үйл явдлаас болж өнөөдөр 47 мянган хүн шоронд хоригдож байна. Тэдгээрийн 200 орчим нь сэтгүүлчид юм.  

 

-Ерөнхийлөгчийн засаглал дарангуйлалын системд шилжсэн гэх юм?

 

-Дарангуйлал байгаа бол Ерөнхийлөгчийн систем байх шаардлага байхгүй. Саналын хайрцагт хийсэн ард түмний сонголт надад гайхалтай эрчим хүч бэлэглэсэн. Туркууд сонголтоо хийж, энэ системийг дэмжсэн. Саналаа өгсөн нийт иргэдийн 51.4 хувь “Тийм” гэх сонголтыг хийсэн.

 

 

-Би энэ ялалтыг спорттой адилтган харж байна. Та 1-0 эсвэл 5-0 хожих нь чухал биш зүгээр л хожихийг хүссэн. Таны туйлын зорилго хожих байсан.

 

-“Тийм” гэх сонголтыг хийсэн сонгогчид Туркийн ирээдүйн удирдагчдад илүү аюулгүй, амжилттай ажиллах боломжоор хангасан гэдэгт би итгэж байна. Гэвч маш олон сонгогч “Үгүй” гэх сонголтыг хийсэн. Тэд байр сууриа хамгаалан үлдсэн хэмээн харж байгаа.

 

Эрдоган өмнө нь цаазаар авах ялыг сэргээхээ мэдэгдсэн юм. Уг саналыг Европын холбоо хүчтэй шүүмжилж, эсрэг байр суурьтай байгаа билээ.

 

-Турк, Европын холбоонд нэгдэхээр зэхэж буй байгаа. Гэхдээ олон орон эсрэг байр суурьтай шүү дээ?

 

-АНУ, Европын холбоонд нэгдэхийн тулд 54 жил үүдэнд нь хүлээж байна.

 

Туркийн эрх баригчид дүрвэгсдийг хүлээн авахаар Европын холбооны удирдлагуудтай гэрээ хэлэлцээр байгуулсан билээ. Үүний хариуд тус улс иргэдээ Европын орнуудад визгүй зорчих нөхцөл тавьсан юм.

 

Европын олон орны удирдлагууд Турк улсад зохион байгуулагдсан Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгын үр дүнд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Эрдогантай утсаар ярьж, баяр хүргэжээ.

 

-Трамп тантай утсаар ярьж, баяр хүргэсэн.

 

-Энэ бол нүүр тулсан уулзалт байгаагүй. Нүүр тулсан уулзалт хийвэл бидний харилцаа илүү тогтвортой болох байх.

 

-Турк улс террористуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас гадна гурван сая дүрвэгчийг эх орондоо байршуулж байна. Турктэй нүүр тулаад буй хямралыг багасгахад АНУ туслалцаа үзүүлэх болов уу?

 

-Нүүр тулсан уулзалтаар олон өргөн цар хүрээтэй асуудлыг хэлэлцэж болох юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongol uls yoeronghiilegchiin jasaglal ruu shiljih vv?
2017-04-19