Марин Ле Пенийг эсэргүүцэгчид машин шатаажээ
2017-04-24

 

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгаар нэр дэвшигч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт Үндэсний фронтын намын тэргүүн Марин Ле Пен нар ялалт байгууллаа. Нэр дэвшигчид ирэх сарын 7-нд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ийнхүү тунаж, үлджээ.

 

Тэгвэл урьдчилсан санал асуулгын дүнг нийтэд танилцуулсаны дараахан Парис хотноо олон мянган иргэн Үндэсний фронтын намын даргыг эсэргүүцэн жагссан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Жагсагчид “Марин Ле Пен сонгуульд ялалт байгуулвал “Франц террористууд гол бай болно” гэжээ.

 

Учир нь сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө нэр дэвшигчид мэдэгдэл хийдэг юм. Энэ үеэр нэр дэвшигч “Хэрвээ би ялалт байгуулвал исламын хэт даврагчдыг улсаасаа хөөн гаргаж, исламчуудын олноороо амьдардаг бүс нутгуудад хяналтаа тогтооно” гэсэн билээ.

 

Исламчуудын эсрэг хэрэгжүүлж буй бодлогоо чангаруулах нь улс оронд хэтэрхий аюултай хэмээн жагсагчид үзэж байна. Цагдаагийнхан жагсаалыг хүчээр тараахыг оролдсоноос болж, үймээн дэгджээ. Жагсагчид мөн автомашин шатаасан аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин