Хойд Солонгос АНУ-ын иргэнийг барьцаалжээ
2017-04-24

Хойд Солонгос улсад багшилж байсан АНУ-ын иргэнийг баривчилжээ. Энэ талаар “www.stuff.co.nz” цахим сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын “Pyongyang University of Science and Technology” их сургуульд багшлаад нутаг буцах гэж байсан АНУ-ын иргэнийг тус улсын хууль хяналтынхан баривчилсан талаар Пхеньян хотноо суугаа Шведийн бүрэн эрхт Элчин сайд мэдэгдлээ. Хойд Солонгост баригдаад буй АНУ-ын иргэнийг Тони Ким гэдэг аж. Тэрбээр Өмнөд Солонгос улсад төрсөн бөгөөд 2009 онд иргэншлээ сольж, АНУ-ын иргэн болжээ. Түүний солонгос нэрийг Ким Сан Дук гэдэг байна.

 

Тэрбээр энэ амралтын өдөр Пхеньян хотын олон улсын нисэх буудалд байхдаа баригдсан аж. Өдгөө 51 настай Кимийг хаана хорьж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд тус улсын Гадаад хэргийн яам АНУ-ын иргэнийг ямар ч шалтгаангүйгээр баривчилсан талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Тони Ким энэ сарын эхээр Пхеньян хотноо ирж, тус их сургуульд хоёр долоо хоногийн хугацаатай багшлахаар болжээ. Түүнийг Пхеньян хотноо ирсэн цагаас хойдууд тагнаж, мөрдөж байсан талаар албаныхан өгүүлэв.

 

Пхеньян хотноо баригдаад буй багш өмнө нь БНХАУ-ын “Yanbian University of Science and Technology” их сургуульд багшилж байжээ. Тус сургуулийн удирдлагууд Пхеньянтай холбоо тогтоохоор ажиллаж байна.

 

Ийнхүү АНУ-ын гурван иргэн Хойд Солонгост хоригдож байна. Тус улс өнгөрсөн оны дөрөвдүгээр АНУ-ын иргэн 63 настай Ким Дон-чулыг улсын нууцын зэрэглэлтэй материал хил давуулахыг завдсан хэргээр баривчилсан билээ. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 10 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

 

 

Уг үйл явдлаас гурван долоо хоногийн дараа АНУ-ын иргэн, 22 настай Отто Фредерикийг баривчилсан билээ. Түүний зочид буудлын өрөөнөөс үзэл суртлын зурагт хуудас хулгайлж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, 15 жил чанга дэглэмтэй шоронд хорих ялаар шийтгэжээ. АНУ-ын өмнөх Засгийн газар иргэдээ суллуулахын тулд Пхеньянтай гэрээ, хэлэлцээр байгуулахыг хүссэн ч удаа дараа бүтэлгүйтсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор Хойд Солонгост баригдаад буй иргэнийхээ талаар мэдэгдэл хийгээгүй байна.

 

Трамп өнөөдөр Хойд Солонгосын цөмийн заналхийллийн талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй утсаар ярилцахаар болсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Ерөнхийлөгч Трамп өчигдөр гэнэт Абе, Си нартай утсаар ярих шийдвэрийг гаргаж, даваа гаригийн ажлын хөтөлбөрт нь нэмэхийг албаныханд даалгасан байна. Удирдагчид Хойд Солонгосын талаар ярилцах уу эсвэл өөр олон тулгамдсан асуудлын талаар ярилцах уу гэдэг нь одоогоор нууц байгаа юм.

 

Солонгосын хойг руу илгээсэн гэгдэж байсан 100, 000 тонн жинтэй “Карл Винсон” нисэх онгоц тээвэрлэгчээр ахлуулсан байлдааны хөлгүүд цэргийн сургуулилт хийхээр Японы тэнгист хүрэлцэн ирээд байгаа талаар Пентагон өчигдөр мэдээлсэн юм.

 

Япон, АНУ хоёр долоо хоногийн хугацаатай цэргийн хамтарсан сургуулилт хийнэ. Сургуулилт эхлэхээс өмнө АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Токио хотноо айлчилж, Хойд Солонгосын цөмийн туршилт хийсэн тохиолдолд Солонгосын хойгт цэргийн ажиллагаа явуулахаа сануулсан билээ. Хойд Солонгос өнөөдөр эсвэл маргааш пуужин харвах, цөмийн туршилт хийх магадлал өндөр байна. Учир нь маргааш тус улсад эрх баригч “Хөдөлмөрийн нам” үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиох билээ. Энэ өдөр мөн Пхеньян хотноо цэргийн парад болно.

 

Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсэний 105 жилийн ой энэ сарын 15-нд тохиосон. Хойдууд энэ өдөр дунд тусгалын пуужин харвасан ч уг пуужин хөөрсөн даруйдаа дэлбэрсэн юм.Пуужингийн туршилт болохоос 24 цагийн өмнө тус улсын гурав дахь үеийн удирдагч Ким Чен Ун “Бид чухал зүйлд бэлдэж байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.Олон улсын хэвлэлүүд удирдагчийн хэлсэн зүйлийг “цөмийн туршилт” байж магадгүй хэмээн таамаглаж байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин