АНУ-ын цөмийн шумбагч онгоц зорьсон газраа очжээ
2017-04-26

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тэнгисийн цэргийн “Мичиган” /The USS Michigan/ цөмийн шумбагч онгоцоо Өмнөд Солонгос улс руу илгээсэн билээ. Тэгвэл уг цөмийн шумбагч онгоц Өмнөд Солонгосын Бусан хотын эрэгт хүрэлцэн ирсэн талаар “www.aljazeera.com” сайт мэдээлэв.

 

Цөмийн шумбагч онгоц нь гадаадын боомтод зогсох явцдаа шаардлагатай хангамжаа цуглуулж, засварт орж, ачаагаа буулгах зэрэг үйл ажиллагаа явуулдаг аж.

 

Уг шумбагч онгоц цэргийн сургуулилтад оролцохгүй бөгөөд зөвхөн Хойд Солонгост анхааруулга өгөх үүднээс Бусан хотын боомтод байрших гэнэ. Нисэх онгоц тээвэрлэгч "Карл Винсон" болон түүний дагалдах хөлгүүд цэргийн сургуулилтад оролцохоор Японы тэнгист ирсэн билээ.

 

 

Хойд Солонгос улсад өчигдөр ардын арми үүссэний 85 жилийн ой тохиосон юм. Энэ өдөр тус улсыг цөмийн туршилт хийж магадгүй хэмээн олон улс таамаглаж байсан ч Пхеньян ямар нэгэн аюултай туршилт хийлгээгүй аж.

 

Гэхдээ Пхеньян зүүн хэсгийн Вонсан боомтоос 300-400 удаа их буугаар галласан болохыг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлэв. Уг ажиллагааг тус улсын залуу удирдагч Ким Чен Ун удирдан явуулсан гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин